Иргэн та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж чадсан уу. Танд зориулан эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй хоёр төрлийн багц шинжилгээнд хамрагдах боломжийг танилцуулж байна
ЭМЯ-наас улсын хэмжээнд “Урьдчилан сэргийлэх үзлэг”-ийн багц шинжилгээг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар 18-64-дээш настай нийт 88288 иргэн багц шинжилгээнд хамрагджээ. Дээрх шинжилгээнд хамрагдаагүй бол хэдий ч очиж өгөх боломжтой.
Иргэд иргэний үнэмлэх болон амбулаторийн картаа аваад өөрийн харьяа өрх, сум, тосгоны эмнэлэгт очиж болно. Түүнчлэн, хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт очиж болохоор байгаа. Иргэдийн хувьд улсын эмнэлэгт очихоор дараалалтай байдаг хэмээн урьдчилан сэргийлэх үзлэгт тэр болгон хамрагдаж чаддаггүй. Тэгвэл ЭМДЕГ-тай гэрээтэй хувийн эмнэлгүүдэд хандаж, урьдчилан сэргийлэх багц шинжилгээг хийлгэх боломжтой. Энд дарж шинжилгээ авах хувийн эмнэлгүүдтэй танилцана уу.
Хэд хэдэн хувийн эмнэлгүүд рүү утасдан хэрхэн шинжилгээ өгөх талаар асуутал “Өөрийн харьяа дүүргийн эмнэлгээс хувийн эмнэлэгт урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлэн код авна. Тухайн бүртгэлийн код үүссэн тохиолдолд хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой” гэсэн тайлбар хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Эрүүл иргэн” аянг нийслэл даяар энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-н хүртэл зохион байгуулж байна. “Эрүүл иргэн” аяны хүрээнд иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулахаар зорьжээ.
Энэ дагуу нийслэлийн 152 ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд, ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулан эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Дээрх шинжилгээг нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг баг бүрэлдэхүүн хийж байгаа учраас ӨЭМТ-үүд өөрсдөө үзлэгийн цагаа товлож байгаа юм. Иймд иргэн та өөрийн харьяа ӨЭМТ-өөсөө хэзээ нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг болохыг лавлан асууж хамрагдах боломжтой. /Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалттай энд дарж харна уу/ “Эрүүл иргэн” аян өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхэлсэн тул зарим өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дээрх үзлэг шинжилгээ хийгдсэн байгаа гэдгийг сануулан хэлье.