“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2019.06.10/ боллоо. Энэхүү уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Европын холбооны ТРАМ төсөл хамтран зохион байгуулсан юм.
“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж үг хэлсэн юм. Тэрбээр Хүн амын хүнсний аюулгүй байдал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд Төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.
Монгол Улсын хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогын асуудал нь Засгийн газрын анхаарлын төвд байгаа гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм.
Мөн хүн амын хүнсний хүртээмжийг 80 хувь, хүнснээс авах илчлэгийг 2400 ккал хүргэх, хүнснээс авах шим тэжээллэг чанарыг норм хэмжээнд хадгалах, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийг тогтвортой бууруулах, хүнсний салбарын нийт стандартын 50-иас доошгүй хувийг олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт стандартын төвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг авчирна гэж үзэж байна.
“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 онд баталсан “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ”, 2018 онд баталсан “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулж хэрэгжүүлнэ” гэв.
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтад “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, мөн тус хөтөлбөрийн хүрээнд 2019-2023 онд хамтран хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан юм.