Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр Улаан чулуутын хогийн цэгт хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг:
-2019-20 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарласан учир өнөөдөр Улаан чулуутын хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцахаар ирээд байна. Энд 15 жил хог түүж байгаа хүн ч бий гэнэ. Хог түүх дадал зуршлыг амархан арилгах аргагүй. Сэтгэл зүйч нартай урт удаан хугацаанд хамтран ажилласнаар арилгаж болдог. Гуравхан сая хүнтэй улсын нэг ч иргэн хог түүж амьдрах ёсгүй.
Хүүхэд эцэг, эхийн хайр халамжинд өсөх ёстой. Иргэн хүн хогоо ангилан ялгадаг болбол, Хог ангилан ялгах үйлдвэртэй болбол хүүхэд хог түүх асуудал байхгүй болно. Үүнийг Хотын удирдлагууд яаралтай шийдэх ёстой гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллах үеэр Нийслэлийн иргэний бүртгэлийн ажилтнууд бичиг баримтгүй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ажиллалаа. Тус цэг дээр хөдөлмөр эрхэлдэг иргэний ярьснаар өдөртөө 40-50 мянган төгрөг олох үе ч байдаг хэмээсэн юм.