СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Босс эмэгтэй: Харшлаас салах хүсэл гоо сайхны алдартай брэндийг үүсгэн байгуулсан түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ВВС агентлаг долоо хоног тутамд амжилтад хүрсэн дэлхийн  шилдэг бизнес эрхлэгчдийг The Boss буландаа урьдаг билээ. Энэ долоо хоногт арьс арчилгааны алдарт брэнд Skin Inc-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сабрина Таныг урьж түүний бизнесийн гараа, амжилтын үндэстэй танилцжээ.

Сабрина Тан гурван ахын хамт Сингапурт өссөн бөгөөд технологийн салбарын мэргэжилтэн юм. Түүний хувьд их сургуулиа төгссөний дараа IBM, Oracle, Hewlett-Packard зэрэг технологийн фирмүүдэд эрчүүдтэй голчлон ажилладаг байсан учир хүчирхэг эмэгтэйчүүдийн ертөнц, тэр дундаа гоо сайхны бараа бүтээгдэхүүн арьс арчилгааны салбар цоо шинэ орчин мөн амаргүй сорилт болсон.

Эдийн засаг, бизнесийн чиглэлээр их сургуульд сурч энэ салбарт анхлан хөл тавьсан Энгийн нэг ажилтан бүсгүй арьс арчилгааны эзэнт гүрнээ байгуулах санаагаа өөрөөсөө болон бага насны хоёр хүүхдээсээ анх олж харсан байна. Учир нь тэр уур амьсгал, цаг агаар солигдох бүрт арьсан дээр нь толбо үүсдэг харшилтай байж. Түүний хүүхдүүд ч мөн ээжийнхээ харшлыг удамшсан тул энэ бүгдийг хэрхэн зогсоох вэ гэж бодсоор өөрийн гараар өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүн хийхээр шийдсэн нь Skin Inc-ийн эхлэл байсан юм.

 

 

Одоо тус брэнд Сингапур төдийгүй Америк, Их Британи, Ази даяар борлогдож жил бүр олон арван сая ам.долларын ашиг цуглуулж байна. 45 настай босс эмэгтэй Сабрина Тан “би химичид, эрдэмтэдтэй уулзаж эхэлсэн. Мөн эм бэлдмэлийн дэлгүүрүүдээр явж гоо сайхны салбарыг уйгагүй судлах болсон” хэмээн ярьжээ.

Арьсны хүнд харшлаа намжаах аргыг өөрийн гараар олж тохирсон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх аяллаа дэлхийн гоо сайхны томоохон зах зээлүүдийн нэг Япон улсаас эхлүүлжээ. 2007 онд Японд очиж амжилттай судалгаа хийж гайхалтай найрлагаа анх нээсэн байна.

Ингээд Сабрина нөхөртэйгээ хамт ажлаасаа гарч хоёр хүүхдээ харахын хажуугаар шинэ бизнесээ эхлүүлж хоногт ердөө дөрвөн цаг унтаж хөдөлмөрлөсөөр жилийн дараа анхны дэлгүүрээ Сингапурт нээсэн байна.

Сабрина Тан: “Маш олон удаа би машиндаа сууж байгаад өөрийгөө гайхдаг байсан. Би зөв зүйл хийж байна уу гэж өөртөө эргэлздэг байлаа. Хятадын зүйр үгэнд царай муутай эмэгтэй гэж байхгүй, харин залхуу эмэгтэй л гэж бий гэсэн ухаалаг үг байдаг”

 

Сабрина Тан 

Жил өнгөрөх бүрт компани аажмаар хүрээгээ тэлж арьсны серум, тос, өндөр технологиор гаргаж авсан гоо сайхны бүтээгдэхүүн худалдсаар дахин хоёр ч салбараа нээжээ. Амжилтад хүртлээ зургаан жилийн турш зогсолтгүй хөдөлмөрлөсөн бүсгүй онлайн худалдааг нэвтрүүлсэн нь хамгийн зөв шийдвэрүүдийнх нь нэг байжээ.

Сингапурт төвтэй ч Skin Inc бүх бүтээгдэхүүнээ Япон улсад үйлдвэрлэдэг нь давуу тал болж дэлхийн хэмжээний зах зээлд нэвтрэхэд тустай байжээ. Сабринагийн үндсэн суурь нь яах аргагүй технологи учир өөрийн бодол санаагаа хэрэгжүүлэхэд энэ талын мэдлэг, туршлага нь бараа бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, бизнесийн хүрээгээ тэлэхэд чухал түлхэц болсон юм.

 

 

Skin Inc-ийн гол хөрөнгө оруулагчид Хонконг, Өмнөд Солонгост байдаг бөгөөд дараагийн зорилго нь фитнес студи, алжаал тайлах төвүүд, арьс арчилгаанд зориулсан төхөөрөмжүүдээ шинээр үйлдвэрлэх юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.