Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар-гудамжны номын сангийн нээлт амралтын өдөр болов. Тус номын сан нь хотын өнгө үзэмжийг нэмэхээс гадна иргэдийн оюунд хөрөнгө оруулалт болох гэнэ. Эвдэрхий хөргөгчийг засч, модоор дээвэр хийн, будах маягаар номын санг хийсэн аж. Нээлтийн үеэр номын санг санаачлагч Т.Тара “Франц Улсад аялж байхдаа анх ийм төрлийн номын санг харж, Монголдоо хийх санаа төрсөн. Иргэн бүр эх орноо хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс энэ өнгө, загвараар гудамжны номын сан бүхий “шар хайрцаг” гэсэн брэндтэй болох боломжтой” гэв.
Гудамжны номын сангаар дамжуулж иргэд төрөл бүрийн номыг хандивлаж болохоос гадна хэрэгтэй номоо солилцож унших, хотын соёлд суралцах ач холбогдолтой. Тиймээс номыг номын сангийнх нь дэргэд уншаад буцааж хийх эсвэл түр зээлж, өөр номоор сольж авах зэргээр ашиглах, арилжааны зорилгоор авахгүй байх, хайрцаг эвдэрч гэмтсэн бол засч сэлбэж байх гэсэн дүрмүүдийг баримталж байхыг иргэдэд санууллаа.