БНХАУ-д өдөрт 1370, жилд 500 мянга орчим 60аас дээш насны өндөр настан гэрээсээ төөрч, олонх нь ор сураггүй болж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Хөгшид гэрээсээ гараад төөрч, сураггүй болсон тохиолдлын олонх нь хөдөө орон нутаг болон жижиг хотуудад гардаг аж. Жунминий Нийгмийн халамжийн хүрээлэн болон “Тоутяо” цахим хуудас хамтран хийсэн судалгаагаар тус улсад өдөрт 1370 өндөр настан (дундаж нас нь 76) төөрдөг байна. Тэдний 58 хувь нь эмэгтэйчүүд аж.
Эдгээр өндөр настнуудын олонх нь сэтгэцийн өвчтэй хүмүүс байна гэж судалгаанд дурджээ. Тодруулбал, 72 хувь нь ой ухаанаа алдах эмгэгтэй хүмүүс байдаг бол 25 хувь нь сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүс ажээ. Настнууд төөрч буй гол шалтгаан нь гэр бүлийн асаргаа дутсан, ядуурал, эцэг эхээ орхин томоохон хотууд руу сурч, амьдрахаар явсан хүмүүс буцаж ирдэггүй зэрэгтэй холбоотой аж. 2015 оны сүүлч гэхэд тус улсад 60аас дээш настай 220 сая хүн байжээ. Энэ нь нийт хүн амын 16.1 хувь гэсэн үг. Тус улсын хүн амын дундаж наслалт 76.34 жил болоод байгаа юм.