Ц.Даваасамбуу
Нигерийн зүүн хойд нутагт ойрын хэдэн сарын хугацаанд 75 мянга орчим хүүхэд өлсөж үхэх эрсдэлтэй байна гэж НҮБ мэдэгдлээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Питер Лундбергийн мэдээлж буйгаар, “Боко Харам” босогчдын бүлэглэлийн түшиц газар байсан тус бүс нутагт нийтдээ 14 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа ажээ. Энэ хямралыг шийдвэрлэх хангалттай санхүүжилт НҮБ-д байхгүй байна гэж тэрбээр өнгөрсөн мягмар гарагт Нигери Улсын нийслэл Абужа хотод мэдэгдэл хийх үеэрээ цохон тэмдэглээд “Хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй хүмүүсийн дотор 400 мянган хүүхэд байна. Хэрвээ бид яаралтай ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ойрын хэдэн сарын дотор 75 мянган хүүхэд өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна” гэжээ.
“Боко Харам” бүлэглэлийнхэн 2009 оноос Нигерийн зүүн хойд нутгийн Борно муж болон бусад газарт халдлага үйлдэж эхэлснээс хойш олон арван мянган хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэжээ. Борно мужид 250 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байна гэж өнгөрсөн жил НҮБ анхааруулж байсан юм. НҮБ-ын тооцоолсноор дэлхийн даяар өдөр бүр 25 мянга гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдсаар байгаа аж. Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь ядуу амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Тэдний энэ байдлыг бууруулах аргагүй гэнэ. Учир нь тэдгээр ядуу хүнд дэлхийн нийт байгалийн баялгийн ердөө тав гаруй хувь нь ногдож байдаг аж. Эсрэгээрээ дэлхийн хүн амын 20 хувь нь тансаг амьдарч, дэлхийн нийт баялгийн 75 хувийг эзэмшиж байгаа ажээ.
Одоогийн байдлаар дэлхий дээр өдөрт нэг ам.доллар болон үүнээс доош орлоготой тэрбум гаруй хүн амьдардаг. Тэгвэл хоёр ам.долларын орлоготой хоёр тэрбум хүн амь зуусаар байгаа ажээ. Ер нь долоон тэрбум гаруй хүн амтай дэлхийн иргэдийн талаас илүү хувь нь ядуу амьдардаг байна. Ингээд дэлхийн 200 гаруй орноос хамгийн буурай хөгжилтэй орнуудыг танилцуулъя.
1. БУРУНДИ
10.8 сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ 727 ам.долар. Ард иргэдийнх нь 90 орчим хувь нь өдөрт ердөө 1.25 ам.доллараар амиа зогоодог. Үр тариа, жимс, ногооны аж ахуй голчлон эрхэлдэг. Хэдийгээр дэлхийн хамгийн ядуу оронд тооцогдож байгаа ч кобальт, зэсийн нөөцтэй. Мөн элсэн чихэр, кофе экспортолдог. Тус улсын экспортын гол хоёр бүтээгдэхүүн нь юм. 27.8-хан хавтгай дөрвөлжин км газар нутагтай тус улсад хүн ам маш шигүү суурьшдаг. Үүний улмаас дотоодын сөргөлдөөн, боловсрол, авлига, ХДХВ/ДОХ-ын гаралт өндөр байдаг ажээ.
2. ТӨВ АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС
Тус улс 4.6 сая хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 746 ам.доллар. Тус улс уран, газрын тос, алт, очир алмаз, мод, усны эрчим хүчний нөөцтэй. Гэсэн ч Африк болон дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын тэргүүнд олон жил бичигдсээр байна.
3. БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН КОНГО УЛС
Тус улс ижил түвшний есөн орноо бодвол харьцангуй их буюу 81.7 сая хүн амтай. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн судалгаагаар тус улсын ДНБ нь 25 тэрбум ам.доллар аж. Харин нэг хүнд ногддог ДНБ нь 791 ам.доллар. Тэгвэл дэлхийн хамгийн баян орон Катарт нэг хүнд 103275 ам.долларын ДНБ ногдож байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Бүгд Найрамдах Конго Улстай одоог хүртэл дайтсаар байгаа. Хоёр улсын хоорондох Конгын II дайн 1998 онд эхэлсэн. Уг дайныг “Африкийн дэлхийн дайн” гэж нэрлэх нь ч бий. Учир нь энэ дайнд Африк тивийн есөн орон, 20 орчим зэвсэгт бүлэг оролцсон байна. Хэдийгээр “Африкийн дэлхийн дайн” 2003 онд төгссөн ч Конгын зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.
4. МАЛАВИ
Хуурай газраар хүрээлэгдсэн тус улсад 18 сая хүн амьдарч байна. ДНБ нь 14 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдож буй ДНБ нь 1234 ам.доллар. Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг тус улс үндсэндээ газар тариаланд суурилсан эдийн засагтай.
Тиймдээ ч газар тариаландаа найддаг. Малавийн иргэдийн дийлэнх хэсэг нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд газар тариалан эрхэлдэг. Засгийн газар нь хөгжил цэцэглэлтэд дэм болох гаднын уулзалтуудад байнга оролцож тусламж хүсдэг байна. Дэлхийн хөгжингүй орнууд 2000 оноос тус улсад олгодог дэмжлэг, тусламжийнхаа хэмжээг бууруулжээ. Малавийн Засгийн газар эдийн засгаа өргөтгөх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, санхүүгийн эрх чөлөө бий болгох, барилгажилт зэрэг ажлууд хийж байна.
5. НИГЕР
Нигер бол хөгжиж буй орон. Гэхдээ НҮБ-аас өнгөрсөн онд гаргасан Хүний хөгжлийн индексээр хамгийн ядуу орнуудын тооны эхний тавд бичигджээ. Ер нь тус улс олон улсын байгууллагуудын судалгаагаар дандаа доогуур үзүүлэлттэй гардаг. Тус улсын газар нутгийн ихэнх хэсэг цөлжилтөд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг. Тус улсын өмнөд нутгууд илүү үржил сайтай бөгөөд тэнд газар тариалан түлхүү хөгжсөн юм. Нигер Улс газар тариалан, уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай. Хэдий баялгийн байнгын нөөц багатай ч ховор бодисууд экспортолдог. Ялангуяа ураны хүдэр экспортолдог байна. Нигер улс 180 гаруй сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 1280 ам.доллар.
Харин эдгээр улсын араас Мозамбек, Либери, Өмнөд Судан, Коморос, Мадакасгар, Эритрей, Сьерра-Леоне, Того зэрэг улс бичигдэж байна. Либерийн хувьд 4.7 сая хүн амтай, дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай орнуудын нэгд тооцогддог. Нэг хүнд ногддог ДНБ нь 1331 ам.доллар. 1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна. Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улс төр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод түвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.
эх сурвалж: https://www.gfmag.com/global-data/ economic-data/the-poorestcountries-in-the-world