Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд алба хааж байгаа энэ оны эхний ээлжийн цэргүүд Үндсэн хуулиар хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, улсынхаа халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан хамгаалахаа эх орон, ард түмэндээ андгайлж, өчигдөр орон даяар цэргийн тангаргаа өргөлөө.
Саяхан л ээж, аавдаа үнсүүлээд явсан энхрий хүүхдүүд хал үзсэн хөрслөг хөвгүүд болжээ. Нуруу нь тэгширч, цээж нь тэвхийгээд цаанаа л жавхаатай. “Миний хүү чинь том болчихсон байна ш дээ” гээд ээжүүд хүүгээ үнсэж, “Эр хүн, овоо доо” гээд аавууд духыг нь үнэрлэнэ. “Ядарч байна уу” гэхэд “Яалаа гэж…”, “Өлсөж байна уу” гэвэл “Өдөрт гурван хоолтой” гээд додигор зогсоно.
Цэргүүд “Мэдлээ, гүйцэтгэе” гэсэн хоёрхон үг мэддэг гэж боддог хүн дээ, би. Сониноос, “Мэдлээ” гэдэг үг цэргээс “халагдаж”, “Ойлголоо, гүйцэтгэе” гэдэг үг “татагджээ”.
Хан-Уул дүүргийн Био комбинатад байрлах Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очсон цэргүүд “Монгол Улсын төлөө зүтгэе!” хэмээн дөрөв, дөрвөөрөө тангараг өргөж, 45 хоногт сурсан цэргийн эрдэм, урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан сонирхууллаа. Тангараг өргөх ёслолд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс гадна Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад албаны хүмүүс оролцон эр цэргүүдэд албаа нэр төртэйгээр хаахыг захилаа.
Морин цагт эхэлсэн тангаргийн баярын үеэр тус ангийн захирагч, хурандаа С.Батболдтай уулзлаа. Тэрбээр, “Аймаг, нийслэлээс 18-24 насны тодорхой тооны алба хаагч нар татагдан ирсэн. Хамгийн хол нь Баян-Өлгий аймгаас зургаан цэрэг татагдсан. Сүүлийн жилүүдэд эрх зүйн баримт бичгүүд өөрчлөгдөн шинэчлэгдэж, мэргэжлийн зэрэгт суурилсан зэвсэгт хүчин болох чиг хандлагад суурилан ажиллаж байна. Цэрэг дайчдын алба хаах нөхцөл, цэргийн бэлтгэл сургуулилт тодорхой өөрчлөлт хийж байгаа. Тухайлбал, цэргийн сургалтыг нэлээн эрчимтэй, ачаалалтай байдлаар явуулж байгаа. Хамгийн гол нь онцлог нь бэлтгэл сургуулилтын үеэр цэргийн албандаа дасах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч байгаа. Цэрэгт ирж байгаа дайчдын боловсролын түвшин, цэргийн алба хаах хүсэл жилээс жилд нэмэгдэж байгаа” хэмээв.
Энэ жилийн хувьд оюутан залуусыг цэрэгт олноор татсан явдал. Оюутан учраас цэрэгт явахгүй байх хэмээн цэргийн бүртгэлээ хийлгэхээр очсон залуусыг хуулийн дагуу цэргийн албаа хаа хэмээн татсан. Цэрэгт явна гэсэн сэтгэл санааны бэлтгэлгүй залуус эхний долоо хоногт нус, нулимстайгаа холилдон их л хэцүүхэн давсан даа хэмээн салаан дарга нар ярьж байлаа.
Гэлээ ч 45 хоногийн хугацаанд цэрэгт явсан залуусын бие хаа хөгжиж, адаглаад гутлаа гялалзтал тосолдог, уранхай ханзархайгаа өөрөө оёх зэргээр аминдаа арчаатай болж, баргийн бэрхшээлийг ажиггүй давж сурснаа ар гэрийнхэндээ ам уралдан ярьж байлаа.
Тангаргийн баяр анх санаачлахдаа цэргийн албаны нэр хүндийг өсгөх зорилго агуулсан байж таарна. Өврөөс гараагүй гэж бодож явсан хүү нь жин нэмж, дориун цэрэг болсныг хараад ар гэрийнхэн нь бахархаж байсан.
Эцэг, эхчүүдийн заримтай нь уулзахад Д.Хүрэлбаатар “Миний хүүг Энхтулга гэдэг. Цэрэгт явна хэмээн Дорнод аймгаас тус ангид татагдан ирсэн. Тангаргийн баярт оролцохоор ах нь Дорнод аймгаас зорьж ирлээ. Хүү минь инээгээд илүү жавхаалаг болжээ” хэмээв.
Нэгдүгээр салааны байлдагч Б.Баяр “Сурч байсан болохоор цэрэгт явна хэмээн бодоогүй байсан. Эхэндээ учраа олохгүй хэцүү байсан ч одоо бол айлын хөвгүүдтэй нөхөрлөн найзлаад их зүйл сурч авч байна. Манай нэгдүгээр салаа шилдэг салаагаар шалгарсанд баяртай байна. Энд чи хэн байх нь чухал биш цэргийн үүрэг даалгаврыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэх хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Анх жин хүрэхгүй 43 кг байсан бол одоо 49 кг болсон байгаа. Эхэндээ нэг байлдагчтай маргалдах үед салаан дарга маань бид хоёрыг эвлэртэл тэврэлдүүлэн зогсоосон. Одоо бол бид хоёр сайн анд нөхөд болсон. Цэргийн алба хаасандаа баяртай” байна хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх орон тэднийг энхийн цагт нэг удаа дуудсан, тэд очсон. Муу цаг ирвэл дахин дуудна, тэд дахиад очно. Монгол Улсын төлөө зүтгэнэ.