Хөвсгөл аймаг халх, дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг. Хөвсгөл нутгийнхаа аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулаг "Цаатан фестиваль" ирэх сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.
Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна.
Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцох ажээ.