Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Академи авардс -2018” кино наадам “Зайсан Хилл” цогцолборт боллоо. Тус наадмыг долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 төрөлд өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Нэг жил өнжсөн тус наадам тун ширүүн болж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд “Академи авардс-2018”-аас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэе.
“Маш нууц” болон “Зүрхний хилэн” киногоороо тэсрэлт хийж, авьяаслаг уран бүтээлчид болохоо баталсан “Фантастик” продакшны хамт олны “Маш нууц 2” төсөл буюу “Байтаг Богд” кино шилдгээр шалгарч “Академи Авардс -2018” наадмыг өнгөллөө. Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, соёлын тэргүүний ажилтан Б.Тамир нарын найруулсан уг бүтээл Монголын кино урлагт шинэ дүр төрх, арга барил нэвтрүүлсний томоохон баталгаа юм. Тиймдээ ч энэ оны шилдгийн шилдэг киногоор шалгарлаа. Киногоор өнгөрсөн түүхийн гашуун үнэнийг харуулж, эх орон минь ямар их үнэ цэнээр бидэнд ирсэн болох бодит түүх “Баруун хилийн тулгаралт” буюу “Байтаг богдын тулаан”-ы 70 жилийн ойд зориулан бүтээсэн юм. Мөн “Маш нууц 2” буюу “Байтаг Богд” кино нь “Академи авардс-2018” наадмын найман төрөлд шилдгээр шалгарав. Үүнд:
Шилдэг кино: “Байтаг богд”
Шилдэг найруулагч: Найруулагч О.Бат-Өлзий, Б.Тамир
Шилдэг зураглаач: Г.Гүенбаатар
Шилдэг эрэгтэй туслах дүр: Б.Тамир “тагнуулч Насангийн дүр”
Шилдэг эмэгтэй туслах дүр: Ц.Алдармаа “Торгууд эмэгтэй Буянхишигийн дүр”
Шилдэг дуу: “Үеийн үед”, дуучин Б.Энхсайхан
Шилдэг дууны найруулга: О.Цэгмид
Шилдэг нүүр хувиргагч: Г.Ганчимэг болон бусад уран бүтээлч.
Б.Тамир: Эхлэхэд Би гэж байхгүй, бид гэж байдаг
Энэ үеэр “Фантастик ” продакшныг үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин Б.Тамиртай цөөн хором ярилцлаа.
-“Академи авардс-2018”-д танай хамт олон үнэмлэхүй ялалт байгууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ бол манай хамт олны амжилт. Тиймээс “Фантастик”-ийнхаа жүжигчид, найзууддаа баярлалаа. Найзууддаа би зураг эхлэхийн өмнө “Би гэж байхгүй. Бид гэж байдаг” гэж дандаа хэлдэг. Энэ ч утгаараа өнөөдөр бид энэ амжилтыг гаргаж байна. Бас биднийг үзэж дэмждэг үзэгчиддээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Сая хамгийн санаандгүй шагнал хүртсэн төрөл шилдэг туслах дүр байв уу. та шагналаа гардах үеэрээ нэлээд гайхшралтай байлаа?
-Миний хувьд хоёр киногоо сойж байгаа найруулагч хүн. Тиймээс энэ төрөлд жүжигчид маань шилдэг болоосой гэж хүсч байсан. Гэтэл өөрөө тодорсон байхаар нь санаа зовох шиг. Миний нэрийг дуудангуут “Найз нь ерөөсөө гарахгүй ээ” гээд нүүрээ дарсан чинь манай найзууд шоолоод байсан. Гэхдээ яах вэ, энэ нь миний мэргэжил, нэгэнт шүүгчдийн шийдвэр ингэж гарсан юм чинь гээд гарч шагналаа авлаа.
-Хоёр бүтээлээ сойгоод “Зүрхний хилэн” кино шилдэг дүрсийн эффекттэй киногоор тодорлоо. Энэ бол киноны хамгийн чухал зүйл. тэгээд манай оронд дөнгөж хөгжиж эхэлж байгаа гэж хэлж болно. “Зүрхний хилэн” киноны дүрсний эффект дээр ажилласан баг хамт олны талаар мэдээлэл өгөх үү?
-Дүрсний эффект бол бас нэгэн шинэлэг зүйл болж кино урлагт орж ирсэн. “Зүрхний хилэн” киноны дүрсийн эффектийг “Каталист” кино компани хийсэн. Бид “Зүрхний хилэн” киноны дүрсний эффектийг сайн хийхийг зорьж “Каталист”-ын бараг гурван сарын хугацаатай дүрсний эффектийг хийсэн. Энэ нь ч үр дүнгээ өгөөд өнөөдөр энэ шагналыг авлаа гэж бодож байна. “Каталист” кино компани одоо Оросын уран бүтээлчидтэй хамтран кинон дээр ажиллаж байгаа. Мөн өмнө нь Хонконгд ажиллаж байсан. Монголын уран бүтээлчид олон улсын зах зээлд ажиллах боломжтой болсон гэдгийг харуулж байгаа чадварлаг хамт олон байгаа.
-Танай продакшны дараагийн уран бүтээл ямар уран бүтээл байх вэ. Хэрвээ нууц биш бол энэ талаар мэдээлэл өгөөч?
-Дараагийн уран бүтээл ямар байх нь нууц. Гэхдээ манай хамт олон одоо зураг авалтаа хийж байгаа. 2019 онд гайхалтай сайхан уран бүтээлийг үзэгч олондоо хүргэх болно. Түүндээ итгэлтэй байна.
Шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн хамгийн залуу жүжигчин
Энэхүү төрөлд “Илд цэцэг” киноны гол дүрийн жүжигчин Т. Өөдөө, “ Говийн домог ” киногоор залуу жүжигчин Б.Замилан, “Хүсээгүй үнсэлт”-ээр Э.Янжинсүрэн, “Аз жаргал” киногоор Ц.Мичидмаа нар өрсөлдсөн юм. Шагналын хар дугтуй задарч шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний нэрийг ардын жүжигчин П.Цэрэндагва зарлах мөчдөө “За, та нар аль хэдийнээ мэдчихсэн байлгүй дээ” хэмээн хэлэв. Ингээд өнгөрсөн онд Гүрж Улсын Батуми хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world” тэмцээнд амжилттай оролцож дэлхийн миссийн титэм хүртэж байсан Цацралтын Мичидмаа охин тэргүүлэв. Тэрбээр өмнө нь “Үлгэрийн баатар гэртээ харих зам”, “Амьдрал хайр дээр тогтдоггүй”, “Бумеранг (Үр)”, “Толбо” зэрэг олон кинонд тоглосон авьяаслаг нэгэн. Энэ удаад түүний дөрөв дэх кино “Аз жаргал” нь шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн болголоо. Ц.Мичидмаа энэхүү шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин болсон юм. Тэрбээр одоо есөн настай бөгөөд “Аз жаргал” кинонд тоглохдоо долоон настай байсан гэнэ. Түүний баярын сэтгэгдлийг сонсоход “Шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр гээд танхим чимээгүй болсон. Би энэ үед дотроо яах болоо, яах болоо гээд сууж байлаа. Яг миний нэрийг дуудахад “Би болчихлоо гэж үү” гээд өөртөө итгэж чадахгүй байлаа. Өөрийгөө энэ шагналыг авна гэж бодоогүй байсан болохоор маш их баяртай байна. Энэ шагнал бол манай кино багийн шагнал юм. Надад зааж зөвлөж байсан ах, эгч нартаа баярлалаа” гэж хэлэх нь цаанаа л нэг цагаахан байлаа.
Ингээд бусад номинацийн шилдгүүдийг хүргэе.
Шилдэг баримтат кино: “The Medine Buddha”
Шилдэг богино хэмжээний кино: Ч.Батбаярын “Эцэг” кино
Шилдэг эрэгтэй гол дүр: “Хоёр амь” кино, жүжигчин С.Болд-Эрдэнэ
Шилдэг киноны хөгжим: “Говийн домог” кино, хөгжмийн зохиолч Л.Балхжав
Шилдэг олон ангит: “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз”-ийн бүтээл “Эрт нахиалсан сарнай”
Шилдэг продессор: “Говийн домог” кино, “Улаанбаатар Телевиз” ХХК- “UBS” телевиз
Шилдэг кино зохиол: “Сэтгэл мэднэ” кино, зохиолч М.Эрдэнэбат
Шилдэг кино зураач: “Говийн домог” кино, зураач Т.Нямсүрэн
Шилдэг эвлүүлэгтэй кино: “Харанхуй хад” кино, эвлүүлэгч С.Энхмөрөн
Шилдэг дүрсний эффекттэй кино: “Зүрхний хилэн”.