Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр Консерватив намын даргын суудлаас албан ёсоор огцорч байна. Ирэх даваа гарагт 10-17 цагийн хооронд нэр дэвшигчдийг бүртгэж намын шинэ даргыг сонгох ажил эхэлнэ.
Консерватив намын шинэ дарга, Их Британи улсын дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл Тереза Мэй түр үүрэг гүйцэтгэнэ. Их Британи улс өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Европын Холбоог орхих ёстой байсан ч Тереза Мэйн дэвшүүлсэн тохиролцоог Парламентад батлаагүйгээс хугацаа хойшилсоор эцэст нь ирэх аравдугаар сарын 31 хүртэл товыг сунгасан.
Энэ хугацаанд багтаж Их Британичууд Засгийн газрын дараагийн тэргүүнээ нэн даруй сонгож Брекситийг яаравчлан шийдэх давчуу болзолтой. Эх сурвалжийн бичсэнээр Консерватив намд Мэйг орлох 11 гишүүн нэр дэвшиж магадгүй байна. Энэ сарын 13, 18, 19, 20-ны өдрүүдэд нууцаар санал хураахаар төлөвлөжээ.
Санал хураалтаар тунаж үлдсэн хоёр нэр дэвшигчийг намын гишүүдийн саналаар өрсөлдүүлж намын шинэ дарга энэ сарын 22-ны өдөр тодорно.
Эх сурвалж: www.bbc.com