Арабын Нэгдсэн Эмирт, Саудын Араб болон Норвеги улсын далбаатай газрын тос тээвэрлэгч дөрвөн усан онгоц руу халдсан хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр гарсан. Уг хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ба Арабын Нэгдсэн Эмирт улсын зүгээс тээвэрлэгч хөлгүүд рүү халдсан хэргийн цаана улс төрийн оролцоотой Засгийн газар байгаа гэдгийг мэдэгдлээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулахдаа халдлагыг маш нарийн зохион байгуулсан ба өнгөлөн далдлахыг оролдсон гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Хэдийгээр улс төрийн холбоотой Засгийн газар халдлагын ард байгаа гэдгийг тодорхой мэдээлсэн ч чухам хэн болохыг хэлээгүй.
АНУ-ын эрх баригчдын зүгээс уг халдлагын ард Иран улс бий гэж буруутгаснаа удаа дараа мэдэгдсэн юм. Харин Иран уг гүтгэлгийг эрс эсэргүүцэж хэргийг мөрдөн шалгахыг уриалсан билээ. Өнгөрсөн сарын 12-ны халдлага Арабын Нэгдсэн Эмирт улсын зүүн эргийн ойролцоо Ормузын хоолойгоос холгүй гарсан.
Хөлөг онгоц дээр байсан багийн гишүүд, зорчигчид гэмтэж бэртээгүй ч Саудын Арабын хоёр усан онгоц эвдэрсэн. Шумбагч онгоцууд усан онгоцууд руу дайрахдаа соронзот мина ашигласан ч азаар томоохон хэмжээний дэлбэрэлт үүсээгүй өнгөрчээ.
АНУ Ираны эсрэг эдийн засгийн хоригийг дахин сэргээснээр нөхцөл байдал хурцадсан. Иран улс Америкт цохилт өгөхийн тулд холбоотнууд руу нь халдсан гэж Вашингтон буруутгасан бол Тегеран үүнийг тун инээдтэй арга ядсан гүтгэлэг хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com