УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй Оюутолгойтой холбоотой УИХ-ын ажлын хэсгийн тайлан болон Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэзээ хэлэлцэх вэ?
-Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэн. УИХ, эсвэл Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хамтарсан хорооноос чиглэл гарах ёстой. УИХ-ын даргад бид хандсан, удахгүй чиглэл гарах байх. Ер нь бол тайлантай танилцсан бол хаврын чуулгандаа багтаад хэлэлцэх ёстой.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс нэг тойрог байх санал дэвшүүлсэн. Эцсийн байдлаар ярилцаагүй байна. Гэхдээ цаашдаа бүс нэг тойрог байх юм уу, аймаг нэг тойрог байх юм уу гэсэн асуулт ургаж байгаа. Зарчмын хувьд яагаад улстөрчид өөрсдөдөө тааруулж, хуулийг өөрчилдөг юм бэ!? Сонгогчдын хувьд ч эрх ашиг нь зөрчигдөх эрсдэлтэй байна. Нэг намыг дугуйлах юм уу, нэг нэр дэвшигчийг дугуйлах юм уу?
Арван нам сонгуульд оролцлоо гэхэд 760 нэр дэвшигч болох нь. Нэг нэр дэвшигчийг дугуйл гэх юм бол сонгогч нэг хүнээ хайж, цаг хугацаа алдах нь. Нэр дэвшигчдийн хувьд 76 тойрог дээр хүрч очиж өөрийгөө сурталчилж, таниулж чадах уу? Зардал мөнгө нь хэр байх вэ гээд олон асуудал байна.
Улстөрчид өөрсдөдөө нийцүүлж, хуулийг өөрчилж болохгүй. Ард түмэнд, төрд тааруулж, хуулийг өөрчлөх ёстой. Сонгуулийн өмнө хууль өөрчлөх гээд байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлт бас ороод ирлээ. 20-30 жил тогтвортой байх хуулийг баталж, мөрдөж болдоггүй юм уу?! Тогтвортой байх ёстой зүйлийг тогтворжуулах шаардлага байна.