Асуудлын жинхэнэ мөн чанарыг ойлгож чадвал шийдлийг дотроос нь олж харна. Учир нь аливаа асуудлын хариу нь, шийдэл нь уг асуудалдаа шингээстэй байдаг. Гэтэл бид асуудлаа өөрөөсөө биш өрөөлөөс хайн, шийдлийг нь хэн нэгэн хэлж өгөх байх хэмээн бодон сайн мэрэгч төлөгч байна хэмээн асууж сурагладаг. Тэгвэл зүгээр л урлагийн бүтээл хийж өөрт тань тавьж байгаа асуултын тусламжтайгаар өөрийгөө олж нээн, тулгамдсан асуудлынхаа гарцыг мэдэх нэгэн сонирхолтой аргыг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байгаа гэр бүлийн коуч, арт терапист Б.Байгалмаатай ярилцлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигч олонд өөрийгөө танилцуулж, хийж байгаа ажлаасаа дурдвал?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ажиллаж ирсэн туршлагатай. Сүүлийн 2-3 жилд амьдралын дасгалжуулагч буюу coach, урлагийн тусламжтай сэтгэл засах арт терапист урлагийг судлан хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
-Арт терапистын талаар манай уншигчдад тайлбарлаж болох уу?
-Арт терапист нь урлагийн тусламжтайгаар сэтгэл засах ухаан гэж ойлгож болно. Тухайн хүн зураг зурж, бүтээл туурвин, хүүхэлдэй хийж, баримлын шавар, даавуу, утас, элс бусад олон зүйлсээр дасгал, техникүүд хийх явцдаа өөрийн бодол санааны дүр зургийн мэдрэмжийг гаргадаг. Бид нарын хувьд тухайн хүнийг эмчлэх эмч, сэтгэл зүйч, зурхайч биш. Зүгээр тухайн хүнээс бүтээл хийх явцад асуулт асууж, чиглүүлэх үүрэгтэй бөгөөд бид зөвлөгөөг шууд өгдөггүй.
Урлагийн бүтээл хийх явцдаа өөр өөрийгөө ойлгож, өөрийгөө мэдэрч, тэр мэдрэмж дээрээ тулгуурлан өөрийгөө олж илрүүлдэг.
Өөрийгөө илрүүлсэн бол давуу талыг нь хөгжүүлнэ. Таны нөөц боломж ямар байгааг илрүүлсэн тул цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар чиглүүлдэг. Гуравдугаарт залруулга хийнэ. Голдуу сөрөг, хязгаарласан итгэл үнэмшил, айдас түгшүүр байдаг. Хүн өөрийгөө тарган, ямар ч ажлын бүтээмжгүй, авьяасгүй, царай муутай гэх мэтээр өөрийгөө дутуу үнэлдэг. Гэтэл дотоод хүн нь тийм биш байх тохиолдол байдаг. Та өөртөө тухтай, өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй гэдгийг мэддэг. Дөрөвдүгээрт сэтгэл санааны хувьд өргөж өгдөг. Сэтгэлээр унасан бол дасгал техникийн аргаар урам өгдөг. Тавдугаарт гоо зүйн хувьд ач холбогдолтой. Яагаад гэвэл зураг зуран, уран бүтээл хийгээд ирэхлээр бясалгал хийж байгаа юм шиг амарч тайван нөхцөлд бүтээл хийж эхэлнэ.
Манайд хандаж байгаа иргэдийн дийлэнх нь зүгээр нэг газар ирээд хүний өгч буй бэлэн зөвлөгөө, мэдээлэл сонсоно гэж боддог. Арт терапист багшийн хувьд тухайн хүний дасгал хийх техник нөхцөлөөр хангадаг. Асуулт асуухаар надаас “ингэж хэлэх нь зөв үү” гэх мэт багшаар хэлүүлэх гээд байдаг. Багшийн хариулт бол тухайн багшийн бодол, мэдрэмж байдаг, гэтэл таны мэдрэмжийг мэдэхгүй, илэрхийлж чадахгүй юм. Бид нарын хувьд нөхцөл бүрдүүлж, дасгал хийлгэн, асуулт асууж, үүний тусламжтайгаар тухайн хүн өөрийгөө, өөрийнхөө асуудлыг, өөрийнхөө нөөц боломжийг олж мэднэ.
-Хайрцаглагдсан бодлоос салгаж, хүний доторх хүсэж байсан зүйлийг гаргаж өгнө гэсэн үг үү?
-Хүмүүс өөрийнхөө юунд дуртай, юуг хамгийн сайн хийж чаддагаа анзаардаггүй байж магадгүй. Зарим тохиолдолд ажил нь амьдрал нь юм шиг, хайр дурлал л зөвхөн чухал гэх мэт ханддаг байж болзошгүй. Гэтэл хүний амьдралд олон салбар хамааралтай. Жишээ нь гэр бүл, ажил, хүүхдийн хүмүүжил, мөнгө санхүү, бизнес, хувь хүний хөгжил, хайр дурлал, аз жаргал, хобби гээд олон салбар байдаг. Эдгээр амьдралын дугуй тойрог бүрэн бүтэн байвал хүн аз жаргалтай, сэтгэл амар, элбэг хангалуун амьдарна.
-Хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт мэдээлэл өгдөг. Чухам яагаад хүн ийм төрлийн сургалт, мэдээлэл авах ёстой вэ?
-Хувь хүний хөгжлөө суралцан, өргөснөөр сэтгэлгээний ядуу байдлаас ангижирч, амьдралыг эерэг өөдрөг, сайхан өнгөөр харж чадна, амьдрал нь дээшилнэ. Сөрөг зүйлийг тоолгүй эерэг зүйл дээр төвлөрдөг болно. Хувь хүний хөгжилдөө байнга хөрөнгө оруулалт хийснээр амьдралын бусад салбарууд нь дагаад амжилттай дээшилнэ гэж би боддог. Суралцахгүй, хөгжихгүй байхаар шүүмжлэгч, өө хайгч, аливаа зүйлийн сөрөг муу талыг л олж хараад байх магадлалтай.
Амьдралын дугуй тойрог бүрэн бүтэн байвал хүн аз жаргалтай, сэтгэл амар, элбэг хангалуун амьдарна
-Таны хувьд гэр бүлийн коуч. Хосууд харилцаагаа хэрхэн урт удаан аз жаргалтай авч үлдэх талаар зөвлөгөө өгөөч?
-Хосууд аз жаргалтай байхын тулд гэрлэдэг. Хэрвээ та аз жаргалтай амьдрахыг хүсвэл эхнэр, нөхрийгөө ойлгох, ямар хэрэгцээ байна гэдгийг нь илрүүлж мэдэх, тэр хэрэгцээн дээр нь төвлөрөх хэрэгтэй.
Өөрөө аз жаргалтай амьдралыг хүссэн бол хамтрагчаа аз жаргалтай болгох хэрэгтэй гэдгийг дасгал техникээр ойлгуулдаг. Дасгал техник хийх явцад гэр бүлийн хүн чинь ийм зүйл хүсдэг, хэрэгцээ шаардлага нь юу байсныг мэддэг. Үүнийг мэдсэний дараа хамгийн эхний энгийн алхмуудыг хийлгэх зорилготой.
-Таны хувьд хүүхэд, эцэг, эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулдаг. Юуг хамгийн ихээр зөвлөдөг вэ?
-Өвөг дээдэс маань удмыг харж гэрлэ, эцэг эхдээ бурхан мэт залбир гэх мэтээр сургаж ирсэн. Хүний удам бол маш хүчтэй. Удмаас ирсэн хүчээ авсан хүний ажил үйлс сайн бүтэж, өөрийнхөө амьдралын зорилгоо хэрэгжүүлэх давуу талаа маш сайн мэддэг дотоод хүч ихтэй хүмүүс байдаг. Гэтэл удмын хүч зарим хүнд хаалттай байх тохиолдол бий. Бид нарын хувьд эцэг, эхээрээ дамжуулан удмынхаа сайн, муу зүйлийг хүсээд авах болон хүсэхгүйгээр ч авдаг. Удмаасаа авсан зүйлээ цааш нь үр хүүхдэдээ бид дамжуулдаг.
Удмаас ирсэн хүчээ авсан хүний ажил үйлс сайн бүтэж, өөрийнхөө амьдралын зорилгоо хэрэгжүүлэх давуу талаа маш сайн мэддэг дотоод хүч ихтэй хүмүүс байдаг
Бидэнд хандаж байгаа эцэг, эхчүүдийн хувьд манай хүүхэд болохгүй байна, замбараагүй, үгэнд орохгүй байна, хүүхдээ зорилго мөрөөдөлтэй болгомоор байна гэдэг. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ тусгал нь, толь нь байдаг учраас дээрх асуудлын хариултыг өөрсдөөсөө олох юм. Эдгээр асуудлыг эцэг, эхчүүд өөрсдөө үйлддэг, өөрсдөө гаргадаг байх нь элбэг. Жишээ нь, хүүхэд эцэг, эхтэйгээ ярилцахыг хүснэ, тэднийг дуудна. Тэр үед нь эцэг, эхчүүд “За байж бай, дараа больё” гээд зурагт үзээд, гар утсаа оролдоод байдаг нь түгээмэл юм. Дараа нь эцэг, эх нь хүүхдээ дуудахаар хүүхэд нь тун чиг адилхан “За байж бай, хүлээж бай, дараа больё” гэж дургүйцнэ. Эндээс харахад эцэг, эхчүүд эхний дуудалтаар нь хүүхдэдээ цаг зарцуулж, хүүхэдтэйгээ харьцаж чадаж байна уу? Өөрсдөө хүүхдэдээ үлгэр дууриалал болж манлайлж чадаж байна уу? гэдэг эргэлзээтэй байна. Хүүхдийн өмнөөс шийдвэр гаргахгүй байх, хүүхдэдээ цаг гаргах, хүндэтгэлтэй харьцах, урмыг нь хугалахгүй унтраахгүй байх, аливаа зүйлийг оролдож байгаад нь байнга урамшуулах, магтаж сайшааж байх нь зүйтэй байна.
-Таны хэлснээр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжсэн харилцааг эрхэмлэх хэрэгтэй гэлээ. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ юу чаддаг юм хэмээн бүх зүйлээс холдуулаад байдаг?
-Эцэг, эхчүүд хүүхдээ “Том хүний дунд орлоо, үг сонслоо, Чи юугаа чаддаг юм бэ? Чиний чадах зүйл бишээ, Чамаас бусад нь онц сураад” байна гэх мэтээр үргэлж хэлдэг нь өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө байнга голдог. Хүүхдээ янз бүрээр хэлж дарамталж заавал төгс болгох гээд байдаг. Хүүхэд аливаа зүйлийг оролдож байгаа нь чухал болохоос төгс байх албагүй юм. Хүүхэд тань хичээлээ хийсэн мөртлөө муу, дунд авсан үед урамшуулж энэ дүнгээ онц, сайн болгоход амархан гэдгийг ойлгуулахад болно. Огт хичээл зүтгэл гаргаагүй хүүхэд дүнгээ ахиулах боломжгүй юм.
Аливаа зүйлд үйлдэл хийгээд оролдож эхэлсэн үед нь эцэг, эхчүүд хүүхдээ урамшуулах хэрэгтэй. Онц авах ёстой байсан юм хэмээн урмыг нь хугалж болохгүй байна.
Нөгөө талаас эцэг, эх нь үр хүүхдэдээ бүх л зүйлд нь тусалж, дэмжиж хэрэгцээг нь бүрэн хангаж байна. Унаа, хоол, сургалтын төлбөр, амьдрах, сурах орчин бүхий л зүйлд нь тохитой тухтай байлгах гэж хичээж байна. Үр хүүхдүүд маань эцэг, эх минь ингэх л ёстой, үүрэгтэй гэж ойлгох болсон. Хүүхдүүд маань эцэг, эхдээ үзүүлэх нөлөө, ачлал, халамж төдийлөн гаргаж чадахгүй байна. Үүнийг эцэг, эхчүүд сургах хэрэгтэй байна. Хамгийн энгийн үйлдэл алхмуудаар эцэг, эхдээ анхаарч тусалдаг ачлал буянтай болгох тал дээр анхаарах хэрэгтэй гэж би үздэг. Бидний үед хөдөлмөр зуслан байдаг байсан. Хөдөлмөрийн хүчинд хүн төлөвшинө, хүүхдийн насанд тохирсон хөдөлмөр хийлгэснээр хүнээс авахаас гадна бусдад өөрийнхөө боломжоор тусалж болно гэдгийг ойлгож эхэлдэг. Гэр орныхоо ажилд туслуулах, хувцас угаалгах, тоос соруулах, цай кофе хийлгэх, толгойгоо бариулж болно шүү дээ.
-Хүн өөртөө эерэг, сайн сайхан бодлуудыг бий болгох энгийн арга байдаг уу?
-Аливаа зүйлийн сөрөг дээр битгий төвлөр. Багш нар маань хэлдэг юм хүн муулахад тэр хүнийхээ муугийн 90 хувийг авчихдаг. Хүнд туслаад магтаад сайнаар дурсах юм бол сайн зүйлийнх нь 90 хувийг нь өөртөө авдаг. Аль болох муу зүйл ярихгүй, сөрөг биш, эерэг талыг нь зөвхөн харж чаддаг байх хэрэгтэй байна.
Гэр бүлийн харилцааны асуудалтай, асуудлаа яахаа мэдэхгүй хүмүүс зөвхөн асуудлаасаа гарах гарцыг өөрөөсөө л олж илрүүлнэ
-Таны ажлын үнэ цэнэ юу вэ?
-Миний туулж ирсэн амьдралын туршлага үнэ цэнэтэй бөгөөд үргэлж хувь хүний хөгжилдөө анхаарч ирсэн, суралцаж, хөдөлмөрлөж тууштай байж чадсан маань ажлын минь үнэ цэнэ билээ. Миний сургалтууд, зөвлөгөө мэдээлэл авах шаардлагагүй хүмүүс мэдээж байгаа. Гэр бүлийн харилцааны асуудалтай, асуудлаа яахаа мэдэхгүй хүмүүс зөвхөн асуудлаасаа гарах гарцыг өөрөөсөө л олж илрүүлнэ. Бид чиглүүлж өгдөг, тусалдаг. Хувь хүний авьяас мөрөөдөл, мэргэжил сонголт, өөрийн үнэ цэнийг олж мэдэх, гэр бүлийн харилцааны нууц, өсвөр насны хүүхэд эцэг, эхийн харилцааны сургалт зэргээс гадна сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг ээжүүдэд үнэ төлбөргүй сургалт хийж эхлээд байна. Түүнчлэн байгууллага хамт олонд зориулсан сургалт, дасгал техникүүдийг зохион байгуулж байна.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа?
-Танай хамт олон урьж ярилцсанд баярлалаа. Амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. /Түүний цахим хаяг руу энд дарж нэвтэрч орно уу/