Оюутан залуусын зуны амралт эхнээсээ эхэлж байгаа билээ. Бид энэ дугаартаа оюутан залуус энэ зун юу хийхээр төлөвлөсөн болон тэдэнд зориулсан ажлын байрны мэдээллийг бэлтгэсэн юм. Ингээд бид хэд хэдэн оюутан залуустаа уулзахад сүүлийн шалгалтуудаа өгөхөөр завгүй байгаа ч энэ зун юу хийхээ төлөвлөсөн байлаа.
МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Энхзул: Хэлний оноогоо дээшлүүлэхээр сургалтад сууж эхэлсэн.
МУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Дууяа: Энэ жил төгсөж байгаа. Одоогоор ажлын байраа олоогүй байгаа ч мэргэжлийнхээ дагуу хэд хэдэн газар анкетаа өгөхөөр бэлдэж байгаа.
Хилийн цэргийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ууганбаяр: Зуны дадлагаа хил дээр очиж хийнэ.
МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан П.Батзориг: Одоогоор төлөвлөөгүй байгаа. Гэхдээ зуны амралтаараа байнга ажил хийдэг.
АШУҮИС-ийн нэгдүгээр дамжаа Б.Гантулга: Анх удаагаа аялал жуучлалын хөтөч хийхээр болсон.
Монгол Улсын Консерваторийн дөрөвдүгээр дамжааны оюутан Г.Алтанхуяг: Миний хувьд дуулаачаар сурдаг. Дадлагаа театрт цалинтай хийж өнгөрүүлэх байх. Оюутан залуус ажил хийвэл эцэг, эхээсээ аль болох мөнгө авахгүй өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулна шүү дээ.
Оюутан залуус маань зуны амралтаараа боломжийн цагийн ажил хийж, ойр зуурын хэрэглээгээ хангахыг эрхэмлэдэг хэдий ч, яг ямар ажил хийх, хаана хандахаа төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид та бүхэндээ энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах үүднээс Нийслэлийн Хөдөлмөрийн эрхлэлтийн газрын харьяа Цагийн ажлын бирж дээр очин мэдээлэл авсан юм. Тус биржийн хувьд ажил олгогч, хайгч нараас ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүй бөгөөд цагийн болон байнгын ажлын байранд бүх насны иргэдийг бүртгэн ажилд зуучилдаг ажээ.
Өнөөдрийн байдлаар 27 аж ахуйн нэгж байгууллагын 180 ажлын байрны захиалгатай байгаа гэдгийг хэлсэн юм. Гэвч ажлын байр байгаа ч ажилд орох хүсэлтэй иргэд, залуусын тоо бага байна гэдгийг дурдаж байлаа. Тус биржид өдөрт цагийн ажил хийх хүсэлт бүхий 20-30 анкет цуглардаг. Цагийн ажлыг ихэвчлэн 15-24 насны залуус хайдаг аж. Оюутнууд гурван сараар хийх оройн ээлжний зөөгч, касс, сурталчилгааны ажил их хайж байна. Харин ажил олгогчдоос тавьж буй ажлын саналд судалгаа тараах, барилгын туслах, зөөгч, үйлдвэрийн туслах ажилтан, хүүхэд харах санал ирж байгаа гэнэ.
Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан газар шороо, цэцэгжүүлэлт, барилгын туслах, зөөгчийн ажил эрэлт ихтэй байна. Цагийн ажлын дундаж үнэлгээ 3000-3500 төгрөг, зуны гурван сарын хугацаанд бүтэн цагаар ажиллах бол 600-650 мянган төгрөгийн ажил байгаа юм.
Тухайлбал, нарийн боовны үйлдвэрт туслах 70 ажилтан авах хүсэлт ирүүлсэн бөгөөд 24 цаг ажлаад 72 цаг амрах гэнэ. Заавал ажил мэргэжил шаардахгүй ч ажилдаа сэтгэл зүтгэл гаргадаг ажилтанг авах сонирхолтой байдаг гэнэ.
Иргэдийн хувьд гадуур ажил олдохгүй байна хэмээн ярьдаг ч өөрийгөө хөгжүүлээд хандлагаа өөрчилбөл 40 гаруй настай байсан ч ажилд орох боломжтой гэнэ шүү.
Энэ жилийн хувьд цагийн ажлын захиалга түлхүү орж ирж байгаа ч ажилд орохоор бүртгүүлсэн оюутан залуус маань амар хялбар ажил хийх сонирхол байгааг Цагийн ажлын бирж төвийн ажилтан хэлж байлаа.
Үнэхээр ажилд ормоор, ажил хийх хүсэлтэй хүмүүс багшийн дээдийн зүүн талд байрлах Сонор плаза төвийн таван давхарт байрлах тус биржид хандаж болно.