Хааны гэр бүлд байх мэдээж хэрэг сайхан. Уул овоо шиг алт, үнэт эдлэл, туслахууд, тансаг шилтгээн гээд л юу хүссэнээ авч болно. Та үндэсний бэлгэ тэмдэг учраас үүний хариуд өндөр хариуцлага хүлээнэ гэдгээ мартаж болохгүй. Юун түрүүнд амнаас тань унах үг бүр жинтэй, үнэ цэнэтэй учир илтгэл тавихдаа, үг хэлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд энэ долоо хоногт Британи улсад хийсэн айлчлалын үеэр хатан хаан хоёрдугаар Элизабетын хэлсэн үг Барак Обама, Жорж Буш нарын айлчлалын үед хэлж байсантай адил онцгой хүндэтгэлтэй, тэмдэглүүштэй байсан юм. Тэгвэл хатан хаан шиг илтгэл хэрхэн бичих, бусдын өмнө үг хэлэх талаар багахан зөвлөмж хүргэе.
1. Яриагаа эхлэхдээ уг илтгэлийг тавьж байгаад баяртай байна гэдгээ заавал дурдах хэрэгтэй. Хатан хаан Элизабет Америкийн үе үеийн төрийн тэргүүдийг хүлээж авахдаа юун түрүүнд сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлдэг.
2. Өнгөрсөн дурсамжаа эргэн сануулахыг зөвлөж байна. Их Британийн хатан хаан Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай нэг бус удаа уулзахдаа “Хунтайж Филип болон миний бие таныг Их Британид дахин айлчилж байгаад маш их баяртай байна” хэмээн хэлж байсан юм.
3. Өөрийн эрх мэдэл, үнэ цэнийг бататгах нь зүйтэй. Та хаа ч хэний өмнө ч илтгэл тавьсан түүхийн чухал хэсэг болно гэдгийг мартаж болохгүй. Хатан хаан Элизабет төрийн тэргүүдийг угтаж авахдаа “миний хаан ширээнд байх дурсамжит үед” гэх үгийг олонтаа ашигласан байдаг.
4. Хүндхэн уриалга, шаардлагуудыг хүлээн зөвшөөрч бусадтай хуваалцаж сурвал танд илүү хялбар болно. Таны үгийг сонсож байгаа үзэгчидтэй бодит холбоо үүсгэх хэрэгтэй. Хэт их мэдээлэл өгөхөөс зайлсхийж бид хамтдаа илүү аюулгүй, хөгжин цэцэглэсэн, сайн сайхан ертөнцийг бий болгох гэж буйг санагдуулах нь зүйтэй.
5. Илтгэлийнхээ үеэр бяцхан завсарлага авч сурахад гэмгүй. Гэхдээ хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй. 2003 онд хатан хаан Элизабет Ерөнхийлөгч Бушийг айлчлахад “АНУ-тай харьцуулахад Британийн төрийн тэргүүний хугацаа зөвхөн хоёр удаа сонгогдох эрхээр хязгаарлагддаггүй юм” хэмээн хөнгөн хошигносон байдаг.
6. Ярианыхаа төгсгөлд хундгаа өргөх бол таныг амжилттай төгсгөл хийснийг гэрчлэх чухал алхам ажээ.
Эх сурвалж: www.qz.com