СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-06-06

Г.Одонцэцэг: Сударт “Ертөнцийн дөрөвний нэг нь халдварт өвчнөөр хоосорно” гэсэн байдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.Хулан

Зуны дунд сар хэдийнэ гарсан ч ханиад томуугийн дэгдэлт буураагүй, эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Сүрьеэгийн халдвар ч олноор илэрч буй энэ өдрүүдэд барагтай бол эдгэж өгөхгүй байгаа ийм ханиад туссан хүмүүс битүүхэн “айдас, хүйдэс”-тэй байгаа бололтой. Энэ удаа бид уламжлалт анагаах ухааны эмчилгээ, халдварт өвчнийг хэрхэн авч үздэг талаар ярилцлаа. Түүнчлэн гэр бүлээ нийгмийн халдварт болон бусад аюулт өвчнөөс хэрхэн хамгаалах ёстой гэж уламжлалт анагаах ухаанд үздэг талаар “Оточ Манрамба” Их сургуулийн дэд захирал, “Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэгтэй уулзаж, ярилцсан юм.


Сүрьеэ, тэмбүү бол муу цагийн өвчин

-Халуун зунаар хүмүүс ханиад хүрчхээд, тэр нь эдгэхгүй байна. Энэ ханиад яагаад дулаан цагаар дэгдээд байгаа юм бол?

-Энэ бол юун түрүүнд улиралтайгаа холбоотой. Зуны эхэн болон дунд саруудад хүний биеийн тамир маш доройтдог. Хийн билэг чанар ихэсдэг. Аливаа бүх өвчин хийгээр үүсч, хийгээр өрнөж, хийгээр дуусдаг гэдэг. Нөгөө талаас цаг агаар энэ жил сэрүүн, салхитай байгаа нь нөлөөлж байгаа. Хүмүүс үүнээс урьдчилан сэргийлж чадахгүй байна. Яг хийний улиралд биеэ их тордох хэрэгтэй. Наад зах нь хоол ундаа зав хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр дулаан болонгуут шимгүй хоол идэж эхэлж байна.


Тослог, бүлээн чанарын хонины махаа хэрэглэж, сүүтэй цайгаа ууж байх хэрэгтэй. Хүүхдүүдээ ясны шөлөнд оруулах гэх мэтээр аль болохоор хийн билэг чанараа тэгшитгээд байвал ханиадаас урьдчилан сэргийлж чадна.

Ханиад хүрсэн тохиолдолд хурдан эдгээх боломжтой. Ханиад өөрөө дэлгэрэхдээ халуун чанартай байдаг, тэгээд эдгэхгүй байна гэдэг нь хийтэй хавсарчихсан байна гэсэн үг. Тэгэхээр ханиадны халуун чанарыг дарах эмчилгээгээ хийгээ дарах эмчилгээтэй хавсарч явах хэрэгтэй. Хүүхдүүдийг хонины сүүлний тосоор, хөл, гар, нурууг нь тосолбол сайн. Ханиаднаас сэргийлэх хамгийн энгийн арга бол шар тосонд сармис хэрчиж хийгээд хамар, чих гэх мэт хий хямардаг эрхтнүүдэд түрхэж болно. Хүндрүүлэхгүй, хурдан эдгээхийн тулд ханиадны үндсэн ханиадны эмийнхээ хажуугаар хийгээ дарах, тэгшитгэх эмчилгээг хавсарч явах хэрэгтэй.

-Ханиаднаас гадна сүрьеэгийн халдвар олноор илэрч байгаа нь нийгэмд айдас, бухимдал үүсгэж байна. “Сүрьеэгийн вирус хүн амын олонход нь бий. Өвчлөх эрсдэл хүн бүрт бий” гэсэн албаны хүмүүсийн тайлбар ч түгшүүр төрүүлж байна?

-Сүрьеэг уламжлалт анагаах ухаанд “хамт төрсөн шарх” гэж нэрлэнэ. Сүрьеэгийн вирус уушгийг идээлүүлж, шархлуулдаг. 

Хүний биед өөртэй нь хамт төрдөг найман төрлийн өвчин байдаг. Тэдгээр нь шалтгаан нөхцөл нь бүрэлдэх юм бол биеждэг. Хавдар, шамбарам, гал намс буюу салхин цэцэг, сүрьеэ, булчирхай гэх мэтчилэн хүний биетэй хамт төрж, бие эрхтнийг шархлуулдаг найман төрлийн өвчин бий. Сүрьеэгээр өвчлөх гол нөхцөл нь биеийн дархлаа суларснаас болдог. 

Сүрьеэ бол халдварт өвчин. Нэг ангид арван хүүхэд байлаа гэхэд хоёр нь дархлаа сайтай байх юм бол найм нь өвдөөд хоёр нь өвдөхгүй байх боломжтой гэсэн үг. Гэхдээ нийтээр нь халдаадаг ийм өвчин нийгмийн үзлийн цөвөөс үүсдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг.


Үзлийн цөв гэдэг нь бохир, муу үзэл санаа, хоорондоо эв түнжингүй байх, тангараг, хууль дүрмээ зөрчих, бузар булай үйл явдал хийх, садар самуун үйлийг дэлгэрүүлэх, архи, зугаа цэнгэлийг туйлшруулах, хавтгайруулах, байгаль орчныг бохирдуулах, тангаргаа зөрчилдөж биесээ хэмлэх гэх мэт таагүй байдал өөрөө нийгмийн халдварт өвчнийг дэлгэрүүлэх гол нөхцөл болдог. 
Өөрөөр хэлбэл, нийтээр тусдаг өвчин нь нийтийн муу үйлээр үүсдэг гэж үзээд байгаа юм. Тэгэхээр нийгмийн үзэл бодлоо ариусгах хэрэгтэй.


-Сүрьеэгээр зогсохгүй, тэмбүүгийн өвчлөл “Улаан тариа”-ны үеийг санагдуулам болоод байна гэж байгаа. Саяхан бас тарваган тахлаар хүмүүс амиа алдлаа. Нийгмийг сүйрүүлдэг халдварт өвчин ингэж газар аваад байгаа нь монголчууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болчихсоныг харуулж байна гэж ойлгох нь зөв үү?

-Тийм. Бурхны шашинд “Цөвүүн цаг” гэж нэрлэдэг энэ муу цагийн өвчин үндэслээд ирчхэж. Өнөөдөр материаллаг хөгжил нь сайжраад байгаа юм шиг хэрнээ дотоод сэтгэл, оюуны хөгжил муудаад байгаа юм. Хүмүүсийн ёс суртахуун, сэтгэл оюун бодол маш муудаж байна.

Маналын зарлиг болон уламжлалт анагаах ухааны гол судар, эх сурвалжуудад, “Цаг хугацаа явахын хэрээр үзлийн цөв ихсч, нийгмийн үзэл бодол буруудаад ирэхэд гурван төрлийн өвчин ихэснэ” гэсэн байдаг. Эхнийх нь таны хэлээд байгаа халдварт өвчнүүд, урьд нь огт оношлогдож, танигдаж байгаагүй вирусууд гарч ирнэ гэж байгаа юм. Энэ бүр хуурай өвсөнд гал авалцаж байгаа юм шиг ихээр дэлгэрнэ гэсэн байдаг. Урьдынхыг нь таньж, оношилж мэдээгүй байхад дараагийн халдварт өвчин шинээр гарч ирэх гэх мэт. 

Сударт, “Ертөнцийн дөрөвний нэг нь халдварт өвчнөөр хоосорно” гэсэн байдаг. Тэгэхээр ертөнц даяар энэ үзлийн цөв, хуял тачаал, уур хилэн болгоноос халдварт өвчин ихэд дэлгэрнэ” гэдэг.
Хоёр дахь нь хорын өвчин. Хүнс, агаар, хүрээлэн буй орчны бохирдол, хордолтоос шалтгаалсан өвчнүүд дэлгэрнэ гэж байгаа юм. Гурав дахь нь адын өвчин. Ад гэдэг бол түвдээр дон гэсэн үг.

 

Хүүхдийг 16 нас хүртэл нь 15 төрлийн ад эргүүлдэж байдаг

-Ад нь тэгвэл хаанаас үүсдэг юм бэ?

-Гадаад ертөнцөөс хамааралтай ад гэж бий. Бас хүний өөрийнх нь сэтгэлд байдаг ад гэж бий. Анх хүний бие үүсэхэд л тэр адын эх сурвалж өөртэй нь байж байдаг. Үүнийг арилгаж болно. Хүүхдийг 0-16 насанд нь хорлох гээд 15 төрлийн ад эргүүлдэж байдаг. Монголчуудад хүүхдээ эдгээр адаас хамгаалах олон төрлийн арга байдаг. Ширгэлэх, сахиус зүүлгэх, тарниар адислах гэх мэт.


-Хамгаалах гэснээс, буяны хамгаалалт гэж юу юм бол?

-Энэ бол гуйвшгүй, эвдэршгүй тийм сайхан зүйл. Хураасан буяныг хэн ч булааж авч чаддаггүй. Буяныг бие, хэл, сэтгэлээрээ үйлдэх хэрэгтэй. Хүнд 84 мянган муу сэтгэл байдаг гэдэг. Үүнийгээ дараад сайн сэтгэлээ хөгжүүлэхийг л хэлж байгаа юм.


-Эцэг эхийн харилцаа, явдал мөр хүүхдийн хувь заяа, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхэд хамт байхгүй байсан ч, эцэг эхийнх нь харилцаа, явдал мөр нөлөөлж байдаг. Эцэг, эх нь таагүй харилцаатай, ариун бус явдалтай, хүүхдэдээ хайр халамжгүй байвал маш их нөлөөлнө. Тэгэхээр түрүүнд хэлсэнчлэн, 15 төрлийн ад эргэлдэж байдаг болохоор 16 хүртэлх насанд нь хүүхдийг маш их хичээл зүтгэлээр өсгөх ёстой. Түүнээс хойш эцэг, эх юу тарьсан, түүнийхээ үрийг хүртэнэ гэсэн үг.

 

Нар буцсанаас хойш хүний биеийн тамир тэгширдэг

-Удахгүй харшлын улирал эхлэх гэж байна. Харшил хөнгөн тусах, эсвэл хөдөлгөхгүй байхын тулд одооноос эхлээд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-. Махан хоолоо багасгаад цагаан хоол сайн идэх хэрэгтэй. Цагаан хоол гэдэгт ногоо, жимс биш, сүү цагаан идээ ордог юм шүү дээ. Үхрийн бүрсэн тараг, хярам, ааруул, ээзгий гэх мэт бэлчээрийн малаас гарсан, монгол аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Нөгөө талаар антибиотекийн хэрэглээгээ багасгах, болж өгвөл хязгаарлах нь зөв.


Үүнээс гадна зуны дунд сарын шинийн 15-н буюу зургадугаар сарын 22-нд нар буцсанаас хойш хүний биеийн тамир тэгширч, дэгжирдэг. Яагаад гэхээр байгаль дэлхий өөрөө энэ үеэс дэгжирдэг. Үр жимсээ өгнө, мал тарга тэвээрэг авч эхэлнэ, ус хүртэл хамгийн тэжээлтэй болдог үе. Ингэж бүх шим тэжээлээ дэлгэж байгаа үед нь хүн байгальд нь явж түүнийг нь авч биеэ эрүүлжүүлэх шаардлагатай. Намар бол үр жимс бүр сайхан боловсордог. 

Ингэж байгалиар өөрийгөө эрүүлжүүлэх нь эргээд өвдөх эрсдэлийг маш их бууруулдаг. Хүн цэвэр агаарыг амьсгалаараа аваад судсаараа дамжуулж биедээ тэжээл болгож шингээдэг. Тэгэхээр өвөлжин амьсгалсан хотын бохир агаарыг зуны цэвэр агаараар сэлбэх нь биед маш сайн тэжээл болно.


-Уламжлалт анагаах ухааны эмчилгээг хүмүүст санал болгох хамгийн том шалтгаан нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухаан өөрийн гэсэн маш нарийн онолтой. Өөрөөр хэлбэл, энэ өөрөө нотолгоонд суурилсан анагаах ухаан. Онол нь хүний бие, сэтгэлийг хоёуланг нь уялдуулж судалдаг. Өөрөөр хэлбэл, нэг эрхтэнг л эмчлэх тухай асуудал биш. 

Миний тухайд хүний биеийг үзэхдээ, “Энэ бол нэг том ертөнц орж ирж байна. Энэ бол маш том сэтгэл зүй, оюун ухаан” гэж хардаг. Бүх таван цул, зургаан сав, арьс, мах, яс бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой гэж бүхий л эрхтэн системээр нь авч үздэг. Ингээд яг аль эрхтэн дээрээ илүү өөрчлөлттэй байна, ямар учир шалтгаан байна гэдгийг маш том онолтой, баталгаа, нотолгоотойгоор гаргаж тавьдаг. Энэ онолыг оюун ухааны маш өндөр түвшинд хүргээд, бодитойгоор, баталгаа, нотолгоотойгоор нээчихсэн. Уламжлалт анагаах ухаанд бид нээлт хийхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн араас нь хөөж, судалж, ойлгоно. Энэ нь аль хэдийнэ бүрэн дүүрэн судлагдчихсан, дээд цэгтээ хүртэл хөгжчихсөн анагаах ухаан. Хүний бие, хэл, сэтгэлийг урьд, хойд настай нь судалчихсан. Хүний биеийг бүхэл бүтэн байгаль орчин, од, гараг эрхэстэй, зургаан зүйл, ан амьтантай нь хүртэл холбоод үздэг анагаах ухаан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.