Ц.Даваасамбуу
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийж буй төрийн айлчлалаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Тэрбээр энэ сарын 7,8-нд болох Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор тус улсыг зорьсон нь энэ юм. БНХАУ-ын дарга айлчлалтайгаа холбоотойгоор ОХУ-ын “Российская газета” сонинд ярилцлага өгчээ. Ши Жиньпиний хувьд хоёр жилийн өмнө буюу өнгөрсөн 2017 онд ОХУ-д айлчлахынхаа өмнө “Итар Тасс” агентлагт ярилцлага өгч байсан юм. Тэрбээр тэр бүр гаднын болон дотнын хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй бөгөөд тэр дундаа Оросоос бусад улсад айлчлахдаа тухайн улсынхаа хэвлэлд ярилцлага өгдөггүй онцлогтой. Иймд түүний энэ удаагийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Та петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор оху-д ирээд байна. Үүнээс гадна энэ жил бнхау болон оху дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой. Ерөнхийлөгч в.путин та хоёр оху болон бнхау-ын харилцааг түүхэн дээд түвшиндээ хүрсэн гэж тодорхойлоод буй. тэгвэл яг өнөөгийн хоёр улсын харилцааг та хэрхэн үнэлэх вэ?
-Одоогоос зургаан жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа би анхны төрийн айлчлал хийх улсаараа ОХУ-ыг сонгож байлаа. Тухайн үеийн айлчлалаар Ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр ОХУ, БНХАУ-ын харилцааны шинэ хуудсыг нээсэн юм. Зургаан жилийн хугацаанд би долоо дахь удаагаа ОХУ-д айлчилж байна. Айлчлал бүртээ хоёр улсын ард түмний болон олон талт харилцаа хэрхэн гүнзгийрч буйн гэрч болж байлаа. Энэ удаа ч гэсэн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн гэрч болохоор би зорьж ирээд байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд ч гэсэн манай хоёр улс стратегийн түншүүд байсан. Харин одоо бол хоёр улсын харилцаа түүхэн дээд шатандаа хүрээд байгаа.
Үүнээс гадна манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл нь олон улсын тавцан дээр нэгдсэн нэг байр суурь илэрхийлэхэд түлхэц болдог. Мөн хоёр улсын харилцаа олон жилийн турш ийнхүү тогтвортой байгаа нь манай хоёр орны ард түмний хичээл зүтгэлтэй ч холбоотой. Өнөөдөр ОХУ, БНХАУ хоёр улсын харилцааны өсөлт, хөгжлийн шинэ эхлэл дээр зогсож байна. Бид цаашид хоёр улсын харилцааг улам урагшлуулах, илүү нягт хамтран ажиллахын тулд улам хичээх хэрэгтэй. Энэ удаагийн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч В.Путинтай хамтран ирээдүйн харилцааныхаа явцыг үнэлж, стратегийн түншлэлийн хувьд шинэ эрин үед орно гэж найдаж байна.
-Хятад бол ОХУ-ын хамгийн том худалдааны түнш. Энэ жил хоёр улсын худалдааны эргэлт ямар байхаар байгаа вэ. бнхау, ОХУ-ын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй төсөл нь ямар төсөл бол. хоёр талын бизнесийн хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлээр та юуг нэрлэх вэ?
-Манай хоёр улсын харилцааны гол тулгуур бол эдийн засгийн хамтын ажиллагаа болон худалдаа юм. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларт хүрсэн. Хоёр улсын Засгийн газрын холбогдох хэлтсүүд худалдааны эргэлт болон хэмжээг нь нэмэгдүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Манай хоёр улс эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, нисэх хүчин, сансрын орон зай болон бусад чиглэлээр хамтран ажиллах төслүүдийг тууштай хэрэгжүүлж байна.
Газрын тосны түүхий эд болон дамжуулах хоолойнууд нь хэвийн ажиллаж байна. Байгалийн хийн хоолойн зүүн чиглэлийг барьж дуусгах гэж байна. Благовещенск-Хэйхэ гүүрээр, Ижнеленинско-Тонгжари төмөр замаар амжилттай холбогдоод байна. Мөн хиймэл дагуулын навигацийн системийн хамтын ажиллагаа ч өндөр үр дүнтэй байгаа. Энэ мэтчлэн бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хурдан хөгжсөөр байна. Хоёр тал ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөө (2018-2024), Зүүн хойд Хятад, Оросын Алс Дорнод болон Байгалийн бүс нутгуудад хөдөө аж ахуйн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан харилцан гарын үсэг зураад буй. Хөх мөрний Үүлгийн голын механизмын дагуу хөрөнгө оруулалтын гол төслүүдийн жагсаалтыг тогтмол хийж байна. Энэ бүхэн нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлж байгаа юм. Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын уналттай нөхцөлд ийм үр дүнд хүрнэ гэдэг амаргүй. Ерөнхийдөө Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хамтын хүчин чармайлтаар хурдацтай хөгжих замдаа орсон гэж хэлэх бүрэн үндэслэл бий.
-Хятадын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар таны хэлэх үг сонин байна?
-БНХАУ байгуулагдсан 70 жилийн өмнөхөөс манай улсын эдийн засаг асар их өсөлтийг үзүүлсэн. Одоогийн байдлаар БНХАУ дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орон болоод байна. Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 90 их наяд юань болж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрсэн. Түүнчлэн өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт 6.6 хувь байсан бөгөөд дэлхийн нийт эдийн засгийн өсөлтийн 30 хувийг дангаараа БНХАУ бүрдүүлсэн. Энэ жилийн эхний улиралд манай ДНБ 6.4 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд эдийн засаг тогтмол өсөлттэй байгааг харуулж байгаа юм.
ДНБ-ий өсөлт 14 улирал дараалан 6.4-6.8 хувийн өсөлттэй байна. ДНБ-ий өсөлтийн гол шалтгаан нь дотоодын хэрэглээ өсөлттэй хэвээр байгаа явдал юм. Үүнээс гадна ажилгүйдэл хурдацтайгаар буурч, ажил эрхлэлтийн түвшин ч нэмэгдэж байгаа. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сард л гэхэд томоохон хотуудад таван сая орчим ажлын байр шинээр бий болсон гэсэн судалгаа бий. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд иргэдийн орлого эдийн засгийн өсөлтөөс ч хурдацтайгаар өсч байгаа. Импорт, экспорт нийт дүнгээрээ 4.3 хувиар өсч, Хятадын гадаад валютын нөөц гурван триллион ам.доллараас даваад байна. Үүнээс гадна бид эдийн засгийн бүтцийг сайжруулж, хөгжлийн загварыг өөрчилж, эдийн засгийн гүйцэтгэлийн чанар, үр ашгийг дээшлүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох чадавхийг бэхжүүлж чадсан.
Манай эдийн засгийн өсөлт тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлэх прогноз байгаа. Учир нь эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад шаардлагатай хүчин зүйлс хэдийнэ бүрэлдсэн. Үүнд нэгдүгээрт, хүний нөөц. Манай улс 1.4 тэрбум хүн амтай. Үүнээс 900 сая нь ажиллах хүч буюу хөдөлмөрийн насных, 170 гаруй сая нь одоогоор бүх салбарт мэргэшсэн боловсон хүчин болохоор бэлтгэгдэж байна. Хоёрдугаарт, дотоодын хэрэглээ. Хятадын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчийн нэг нь дотоодын хэрэглээ. Эдийн засгийн өсөлт дийлэнх хувийг дотоодын хэрэглээ бүрдүүлдэг. Гуравдугаарт, эдийн засгийн эрчимтэй өсөлт. Дөрөвдүгээрт, коммунист намын хүчирхэг манлайлал, улс төрийн давуу тал юм.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард “бүс ба Зам” олон улсын форумыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Евразийн эдийн засгийн холбоо (EAEU) болон “бүс ба Зам” санаачиллагыг (BRI) холбох талаар та ямар байр суурьтай байна?
-“Бүс ба Зам” олон улсын форумыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Бээжинд зохион байгуулсан. Энэ үеэр дэлхийн улс орнуудын удирдагчид хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээтэй зөвшилцөлд хүрсэн. Ерөнхийлөгч В.Путин “Бүс ба Зам”-ын форумд оролцож байгаад би талархдаг. “Бүс ба Зам” болон Евразийн эдийн засгийн холбоог холбосноор бүс нутгийг хөгжүүлэх, мөн бүс нутагт нээлттэй, хүртээмжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна. 2015 оны тавдугаар сард Ерөнхийлөгч В.Путин бид хоёр Торгоны замын эдийн засгийн бүс, Евразийн эдийн засгийн холбооны төслүүдийн хамтын ажиллагааны талаар хамтран гарын үсэг зурж, хоёр санаачилгыг холбох үйл явцыг эхлүүлсэн. Хятад Улс Евразийн эдийн засгийн түншлэлийн гэрээний хэлэлцээрийг эхлүүлэх, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг нэмэгдүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх, хоёр санаачилгын харилцан үйлчлэлийг бий болгохын төлөө ажиллах болно.
-БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (SCO) -ын хүрээнд хятад-оросын хамтын ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан бэ. уг олон улсын байгууллагуудад гүйцэтгэх хоёр улсын үүрэг, байр суурийг хэрхэн харж байна?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд БРИКС-ийн орнуудын нээлттэй байдал, хамтын ажиллагааны үр дүнг дагаж эдийн засаг, санхүү, улс төр, аюулгүй байдал, соёл, ард түмний хоорондох харилцаа гүнзгийрч буй нь олон жишээн дээрээс харагдаж байна. Түүнчлэн БРИКС нь дэлхийн хөгжлийн зөв чиглэлийг баталж байгаа нь харагдаж байгаа юм. Хятад болон Орос нь БРИКС-ийн чухал гишүүн. БРИКС-ийн хамтын ажиллагааны үр дүнд таван орны ард түмэн ирээдүйд илүү үр өгөөж хүртэх болно. ШХАБ-ын хувьд Хятад, Орос хоёрын аль алиных нь олон улсын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал нөлөө үзүүлсэн. ШХАБ байгуулагдсан цагаасаа хойш 18 жилийн хугацаанд Хятад, Орос хамтран тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг байнга зохион байгуулж байна. Үүний үр дүнд ШХАБ бүс нутагтаа энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэнд чухал хувь нэмэр оруулсаар байгаа.
-Путинтай харилцах хувийн харилцаагаа хэрхэн тодорхойлох вэ?
-2013 оноос хойш бид хоёр бараг 30 гаруй удаа уулзаж, олон зуун удаа утсаар ярьсан. Бид олон улсын нөхцөл байдал, хоёр улсын харилцаа, засаглал, уран зохиол, урлаг, спорт гэх мэт маш олон асуудлаар гүн гүнзгий, өргөн хүрээтэйгээр ярилцаж, санал бодлоо солилцдог. Бидэнд хурдны галт тэрэг хамтдаа жолоодож, төрсөн өдрөө ч хамт тэмдэглэж, мөсөн хоккейн тоглолт хүртэл үзсэн дурсгалтай дурсамж олон бий. Түүнчлэн бие биендээ тохиолдсон чухал үйл явдлуудад утсаар ярьж эсвэл мессеж бичиж баяр хүргэж байсан тохиолдол ч бий. Ер нь бусад улсын төрийн тэргүүн нартай харьцуулахад би Путинтай илүү дотно байдаг. Би нөхөрлөлөө маш их үнэлдэг. Бидний харилцаа ч гэсэн өндөр түвшний итгэлцэл дээр тулгуурладаг. Бид засаглал, олон улсын ландшафт зэрэгт ижил үзэл бодолтой байдаг нь том давуу тал юм. Бид хамтдаа хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэж, хоёр их гүрнийхээ хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалтай амьдралыг хөгжүүлэхийн төлөө шаргуу ажиллана.
эх сурвалж: http://chinaplus.cri.cn/news/china/9/20190605/298620.html