Монгол Улсад анх удаа IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн “Юнивишн” компани 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн суваг ухрааж буюу нөхөж үзэх үйлчилгээнийхээ төлбөрийг 3000-5000 төгрөг болгон нууцаар нэмснээс болж ШӨХТГ-т 5 сая төгрөгөөр торгуулжээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Юнивишн компани үнийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг өөрийнхөө хэрэглэгчдэд бүртгэлтэй гар утасны дугаар руу мессэжээр илгээх, имэйл хаягаар хүргэх, албан ёсны цахим хуудастаа мэдээлэл байршуулах зэрэг олон хувилбараар хүргэх боломж байсаар байхад Зууны мэдээ сонины буланд ганцхан удаа гаргасныгаа олон нийтэд хүргэчихлээ гэж ойлгодог юм билээ. Энэ удаагийн торгууль нь шийтгэл, шийтгэвэр гэхээсээ илүүтэйгээр хэрэглэгчидтэйгээ хүндэтгэлгүй хандахгүй байх сануулга болсон байх” гэсэн юм.
“Юнивишн” компани гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж үйлчилгээгээ хүргэж эхэлснээс хойш үнэ тарифаа технологийн шинэчлэл нэрийн дор хэд хэдэн удаа нэмж байсан боловч тэр болгонд хэрэглэгчдэдээ урьдчилан хэлж байгаагүйг үйлчлүүлэгч хэрэглэгчид нь хэлж байв.