- "Улс төр менежментийн академ"-ийн захирал, улс төр судлаач Д.Уламбаяртай ярилцлаа-
Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна. Тойргоо томсгоод Монгол улс ганцхан тойрог байх асуудал хөндөгдөж байна?
- Сонгууль дөхөхөөр хуулиа өөрчилдөг нь гэм биш зан боллоо. Тэр дагуу явж байна. Саналын түвшнд явж байгаа учир батлагдах уу үгүй гэдэг нь хараахан тодорхойгүй. Энэ зохицуулалт заримд нь ашигтай, заримд нь ашиггүй.
Илүү тодруулаач?
- Эрх баригч нам болон парламентад олон жил суусан хүмүүсийн хувьд өнөөдөр нэр хүнд муу байна. Тэд яаж тэсч үлдэх вэ гэдэг хор найруулж байна. Нэг илэрхийлэл нь Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт. Ингэхдээ улс орныг томсгосон тойрог болгож байна. Давуу тал нь сонгуульд мөнгө цацдаг байдал өөрчлөгдөх магадлалтай. Нэр хүндтэй, мэдлэгтэй чадвартай эсэхээсээ үл хамаараад хэн мөнгөтэй нь сонгуульд ялдаг байдал өөрчлөгдөх болов уу. Яагаад гэвэл, улс орон бүтнээрээ этойрог болчихоор бүх хүнийг худалдаж авах магадлал багасна. Өмнө нь тойргуудаар, аймгуудаар хувааж улсын төсвийг асар үргүй зарцуулдаг байсан нь мөн өөрчлөгдөх боломж бий. Улс орны өмнө тулгамдсан томоохон бүтээн байгуулалт, том төслүүдээ түрүүлж хийх боломжтой болно.
Харин Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх мэт олон жил болсон гишүүд эсвэл намын дарга нар намын дэмжлэг авч, дахин сонгогдох боломжтой. Хэдий тэднийг дийлэнх нь үзэн ядаж ч энэ олон гишүүдтэй намын хүмүүс хүссэн ч хүсээгүй ч өөрсдийн намын олон жилийн туршлагатай хүмүүсээ дэмжинэ. Энэ утгаараа тэдэнд илүү ашигтай.
Бие даагчдад илүү боломж олдож, олон бие даагч гарч ирэх боломжтой гэж үзээд байх шиг байна, зарим хүмүүс?
- Бие даагчид олноороо сонгогдох магадлал муу. С.Жавхлан шиг улс орны хэмжээний супер од байвал харин сонгогдох магадлалтай. Түүнээс биш хэн ч танихгүй хүмүүс гарах боломж хязгаарлагдмал. Магадгүй энэ намуудад багтаагүй хүмүүс бие даах сонирхол тээх байх. Гэвч тэр олон зуун хүн дундаас танихгүй бие даагчийг олж сонгох магдлал асар бага. Жижиг намууд сонгуулд өрсөлдөөд ч хэрэг байхгүй, тарсан нь бараг дээр.
Дэлхийн улс орнууд сонгуулийн яг ямар тогтолцоог илүү сонгож байгаа бол?
- Ердөө хоёрхон зарчим бий. Нэг нь пропорциональ буюу нэр дэвшигчийг дэвшүүлсэн намын төлөө саналаа өгдөг зарчим.
Нөгөө нь мажоритар буюу нэр дэвшигчийг сонгодог зарчим. Энэ хоёр зарчмаа дан дангаар нь эсвэл хольж солиод өөр өөрийнхөө улс орны онцлогт тохирсон системээр л явж байна. Тэр нь сайн, энэ нь муу гэх зүйл байхгүй. Аль алинд нь сайн, муу тал бий. Манай бүх хувилбарыг туршиж үзсэн. Одоо магадгүй мажоритар дээр туршиж үзээгүй цорын ганц хувилбар нь томсгосон тойрог байх шиг байна. Сүүлчийн боломж.
Энэ хавар УИХ-ын нөхөн сонгууль болох байсан ч болохооргүй боллоо. Энэ нь Үндсэн хуулийн цэц эрх баригчдын талд үйлчилж байгаа хэлбэр гэж олон хүн хардаж байна. Энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна.
- Үндсэн хуулийн цэцийн гаргасан саяын шийдвэр бол өөрсдийгөө улс төрийн байгууллага болсон гэдгээ дахин баталлаа. ҮХЦ ямагт эрх баригчдын захиалгаар ажилладаг хэвээрээ гэдгээ харууллаа. Ийм Үндсэн хуулийн цэцтэйгээр Үндсэн хуулийг ариун дагшнаар нь хамгаалж, сахиулж авч явах ойлголт байхгүй боллоо.
Төрийн байгууллага тасралтгүй, залгамж чанартай байх ёстой, хэн нэгний эрх ашгаас үл хамаарч нөхөн сонгуулийг зайлшгүй хийх ёстой байсан. Гэвч хийхгүй байх нь намуудад, улс төрчдөд, эрх баригчдад ашигтай гэдэг нь харагдаад эхлэнгүүт ямар нэгэн байдлаар гацааж, хойшлуулж бүр зохион байгуулахгүй ч байж болдог гэдгийг харууллаа.
УИХ 76 гишүүнтэй гэх боловч бүр шийдвэр нэг юм уу хоёр хүний таалалд нийцэж гарч байна. Энэ нь ардчилсан байх зарчим, олон нийтийн оролцоот зарчим, нээлттэй байх зарчимтай хэр нийцэж байгаа юм гэдэг ойлгомжтой. Үүнийг засах гэж улам муутгаж байна.
Улс төрийн рейтингээр манай ерөнхий сайд, ерөнхийлөгч нар дандаа тэргүүнд бичигдэж байна. Тэд үнэхээр сайн ажиллаад байна уу?
- Ард түмэн маш их зүйлийг хүсэн хүлээж байгаа шүү дээ. Төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай болох, эдийн засаг эрүүлжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэх мэтээр...Бүх зүйлийг хэдхэн хүнд төвлөрүүлж, тэдэнд шим шүүсээ соруулж амьдарч байгаа тогтолцоог нураана гэсэн хүлээлттэй байгаа. Маш хүчтэй том мэдэгдлүүдийг ерөнхийлөгч нь ч, ерөнхий сайд нь ч хийсэн. Гэвч тэр мэдэгдлүүдтэй харьцуулахад хийсэн ажил нь бодитоор харагдахгүй байна. Хоосон тунхаг төдий л байна. Хүмүүс гэхдээ одоо ойлгож байх шиг байна. Сонгуульд зориулсан ээлжит попрол юм гэдгийг.