Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-ны өдөр хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унасан харамсалтай хэрэг гарсныг эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. Уг хүүхдийг зориулалтын хамгаалах суудалд суулгаагүй авч явж байсан ба хүүхэд арын цонхоор унахад, араас нь явж байсан машин дайрч амь насыг нь хөнөөжээ.
Хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг мөрдөн байцаагч нар тодруулахад, хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан гэдгийг тогтоосон байна.
Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулжээ.