Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцны талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар санхүүжилт нь зогсоод байсан 1542 айлын орон сууцны талаар дахин хэлэлцлээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа түр зогсоод байсан энэхүү барилгуудыг дахин санхүүжүүлэх шийдвэр гарч, эхнээсээ ашиглалтад ороод байна.
Түрээсийн орон сууцны газар болон дэд бүтцийн шугамыг төрөөс шийдсэн. Санхүүжилтийг нь төрөөс гаргасан учир Хөгжлийн банкны балансад авсан. Иймд тухайн орон нутгийн удирдлагад эрхийг нь өгөхөөр шийдвэрлэлээ. "Буянт-Ухаа-2" хорооллын 972 орон сууцыг Улаанбаатар хотын удирдлага шийднэ гэсэн үг. Бусад барилгуудыг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд өөрсдөө шийдвэрлэж, тараана.
Энэхүү түрээсийн орон сууцны 1мкв нь 1.460.000 төгрөг байх ба таван жилийн хугацаатай иргэдэд олгоно.
Бид ирэх дөрвөн жилд 150 000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраар батлуулаад байна. Орон сууцны хэрэгцээ иргэдэд их байна. Улаанбаатарт 100 000 айлын орон сууцыг барина. Үүндээ 40 000 төрийн албан хаагчийг хамруулахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулагдаж байна. Төрийн албан хаагчдад гурван жилийн цалинтай тэнцэх урьдчилгаа олгоно гэж тооцож байгаа.