Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хамтран замын хөдөлгөөнд иргэд жолооч нарын хяналтыг бий болгох зорилгоор "И-Полице" аппликэйшныг нэвтрүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулагч, хошууч М.Гарди
"Тээврийн цагдаагийн албан Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран замын хөдөлгөөний сахилга соёлыг дээшлүүлэх, Замын хөдөлгөөний зөрчлийг иргэдийн оролцоотойгоор илрүүлэх И-Полице аппликэйшнийг нэвтрүүллээ. Энэ аппыг нэвтрүүлснээс хойш иргэдээс 7000 гаруй зөрчлийн мэдээллийг хүлээн авч шалгаж нягтлаад 4000 гаруй зөрчилд торгуул ногдуулаад байна. Улаанбаатар хотод өдөрт нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил 3000-5000, хурд хэтрүүлсэн зөрчил 500-1000 орчим гардаг. Зөвхөн өчигдөр л гэхэд 2649 зөрчлийг камерын тусламжтайгаар илрүүлсэн. Нэг зүйлийг хэлэхэд иргэд И-Полице аппаар дамжуулан зөрчлийг мэдээлэхийн тулд гурван зураг явуулах ёстой. Өөрөөр хэлбэл зөрчил гарсан орчныг маш сайн харуулсан зураг байж гэмээнэ зөрчлийн арга хэмжээ тооцно" гэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийт, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Гансувд
"Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын хамгийн гол уулзварыг хянах 37 камер ажиллаж байна. Он гарснаас хойш 2700 орчим зөрчил, 940 саадыг камераар илрүүлээд байна. Улаанбаатар хотод 150 гэрэл дохиотой уулзвар байдаг. Тэдгээрийг 90-ийг нь шууд онлайнаар удирдаж, түгжрэлийг бууруулах ажлыг бид хийж байгаа" гэсэн юм.