...Хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн “Мобиком корпораци”-д Зөрчлийн хэрэг нээсүгэй...
Зөрчлийн хэргийн тогтоолын хэсгээс...
“Мобиком корпораци”-ийн удирдлагууд 2018 оны 12 дугаар сард дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature, Mobizone, iPhone, MobiMix болон байгууллагад зориулсан Corporate basic, Corporate Middle, Hybrid 1, Hybrid 2. Hybrid 3 багцуудыг 2019 хоёрдугаар сарын 01-нээс зогсоох шийдвэрийг гаргажээ.
Улмаар дээрх багцийг ашигладаг байсан хэрэглэгчдээ 2019 оны 2 дугаар сарын 3-ны дотор дараа төлбөрт “Миний Моби”, хосолсон төлбөрт “Хайбрид” багц руу шилжүүлэхийг тулгасан байна. Хэрвээ заасан хугацаанд шинээр санал болгосон багц руу шилжүүлээгүй бол хуучин багцын хэрэглээтэй нь хамгийн ойр дүнтэй багц руу хүчээр шилжүүлжээ.
“Мобиком Корпораци”-ийн дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээг нь ашигладаг 400 мянган хэрэглэгч байдаг бөгөөд тэдгээр хүмүүстээ хүч тулган үйлчилгээ нэвтрүүлсэн үйлдэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай үйлдлийг зөрчсөн тул Зөрчлийн хуульд заасан хамгийн дээд торгууль болох 20 сая төгрөгийн торгууль оноосон гэдгээ ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Мобиком корпорацийн төв салбар дээр очиж хариу тайлбар авахыг хүссэн боловч тэд мэдээлэл өгөхгүй. Харин олон нийтэд гаргасан мэдэгдлээ та бүхэнд өгнө гэсэн юм.
Тус мэдэгдэлд хэрэглэгч үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүссэн нэг ч үг үсэг байгаагүй бөгөөд харин Монгол Улсын Захиргааны шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа уг асуудлаар ШӨХТГ нь мэдээлэл гаргасанд Мобиком Корпораци харамсаж байна гэсэн байв.