Гүрж улсын Батуми хотод энэ сарын 06-нд өндөрлөх дэлхийн 43-р шатрын олимпиадад тив, дэлхийн шилдэг шатарчид оюун ухаанаараа өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлж Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахлагчтай баг тамирчид, парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Б.Саранчимэг нар оролцжээ.
Олимпиадад 185 орны 1700 орчим тамирчин, 1500-аад албаны хүмүүс нийт 3000 гаруй хүмүүс оролцож буйгаас манай улсын хоёр баг амжилттай оролцож байгаа. Д.Лүндээжанцан гишүүн шатрын спортыг олон жил дэмжин ажиллаж, шатрын олимпиадад баг тамирчдаа дэмжин оролцдог.
Б.Саранчимэг гишүүн “Ногоон бэрс” шатрын хөтөлбөрийг санаачлан, хөтөлбөрийн хүрээнд “Ногоон бэрс” шатрын клубыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нээн ажиллуулж, иргэдийн дунд шатрын тэмцээнийг зохион байгуулж, өсвөр, залуу үеийхнийг оюун ухааны спортод суралцахад хувь нэмэр оруулсан билээ.
Тэд амралтын өдрөөр тэмцээнд амжилттай өрсөлдөж буй тамирчидтайгаа чөлөөт цагаа хамт өнгөрүүлсэн байна. Монголын баг тамирчид ДШХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ОХУ-ын Шадар сайд асан Аркадыи Дворковичтой ярилцах үеэр их мастер Б.Хатанбаатар, Дэлхийн Шатрын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч их мастер Найжел Шорттой чөлөөт тоглолт хийж тэнцжээ.