Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр эх орондоо эргэн иржээ. Тэрээр өнгөрсөн өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж, мөн Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож үг хэлсэн юм. Гэвч Ерөнхий сайдын айлчлалын баг АНУ-д газардсан өдрөөсөө эхлэн “онигоо”-нд орж эхэлжээ.
Юуны өмнө /айлчлал яригдаж эхлэх үеэс АНУ-д очоод хэнтэй уулзаж, юу ярих нь тодорхой болсон байдаг/ газардангуутаа У.Хүрэлсүх эрийн сайндаа 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар боллоо, энэ мөнгийг юунд зарцуулах вэ ард түмээн? гэсэн санал асуулга ч гэхээр юм уу постууд олон нийтийн сүлжээгээр жиргэж, ард түмнээс коко үнэлгээ авахаар оролдов.
Уг нь сүржигнээд байхааргүй өмнө нь гурван ч Ерөнхий сайд, хоёр Ерөнхийлөгчийн нүүр үзэж дамжсан төсөл л дөө. Мянган сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээнд хамрагдаж, нэг ч гэсэн төслөө урагшлуулахын төлөө бүгд хүчин чармайлт гаргаж байж. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед уг гэрээг баталгаажуулахын ажлыг нэлээд наашлуулж, 2017 оны 12 дугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-д айлчлал хийх тов гарч байжээ. Уг айлчлалаар 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах байсан аж. Гэтэл аравдугаар сард нь тэрээр өөрийн нам доторх улс төрийн бохир ажиллагааны улмаас огцорч, орыг нь У.Хүрэлсүх эзэлсэн. Бүхэл бүтэн нэг жилийн өмнө баталгаажих байсан төслийг харин ч удаашруулж өөрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар болгож хойш уясанаар нь бол У.Хүрэлсүх уг компакт гэрээний төсөлд гавьяа байгуулах нь бүү хэл “гай” болохоор нэгэн.
За энэ ч яахав. Хаашдаа уг төсөл У.Хүрэлсүхтэй У.Хүрэлсүхгүй наашаа эргэчихсэн байсан төсөл. Анх хоёр дахь компакт гэрээнд Монгол улс хамрагдахаар болсноос хойш судалгаа хийгдэж, хоёр улсын Засгийн газрын төлөөллүүд санал нэгдсэнээр уг мөнгөөр Улаанбаатар хотын ундны усны нөөцийг арвижуулж, Төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж, саарал ус болгон цахилгаан станцуудад нийлүүлэх зориулалттай баталгаажжээ. Гэтэл У.Хүрэлсүх тэргүүтэй энэ асуудлыг мэдэхийн цаагуур мэдэж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар “Энэ мөнгөөр юу хийх вэ, ард түмээн...” гэсэн санал асуулга ч гэх юм уу, даапаалах ч гэх юм уу үгс жиргэж байгааг юу гэж ойлгох вэ. Зориулалтыг нь өөрчилбөл МСС төслийг хэрэгжүүлэхгүй...
Дараагийн өдөр түмний элэг хөшөөх шахсан бас нэгэн зураг Засгийн газрын албан ёсны сайт дээр нийтлэгдэв. Өрөөнийхөө буланд ширээ тавиад цонхны хөшгөөр ширээг нь бүтээсэн энэ зургийн талаар олон юм нуршмааргүй байна. “Буян”-ийн Жагаа facebook дээрээ хэрхэн бичсэн нь үүнийг нотолно.
Дараагийн онигоо. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийх үеэр нь дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцсан л юм билээ. Гэтэл энэ нь эрхэм Ерөнхий сайдын санаанд хүрсэнгүй. Заавал Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан болгож “томруулах” PR хийх шаардлагатай байсан бололтой. Дагалдан яваа нөхөд нь Монголын цагаар шөнө дунд У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч Д.Трамптай шатан дээр хальт тааралдаж гар барьсан фоксгүй, гар утасны зургийг нь санд мэнд албан мэдээ болгон цацаж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсоор уулзлаа гэх шахуу юм бичив. Дараа нь устгачихсан байна лээ.
Сошиал сүлжээнд тоог тохуу болсон уг ажиллагаа бүтэлгүйтсэн тул дараа нь яг “жинхэнэ”-ээр уулзсан мэт зураг гаргаад ирэв.
Айлчлалын онигоо үүгээр дуусахгүй. У.Хүрэлсүхийг дагалдан яваа төлөөлөгчид бүгд л баярт уригдсан мэт яваагаас албан ажлаар яваагаа огтхон ч ойлгоогүй бололтой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн уулзалтын үеэр АНУ-ын тал бүгд тэмдэглэл хийж байхад манай хэд зүгээр л зугаалагчид...
2018-09-19-ний өдөр ийм уулзалт хийснийг нь монголын сошиал орчинд ёжлон шүүмжилж байгааг дагалдан явагсад нь нөхөрсгөөр зөвлөсөн бололтой. Маргааш нь бүгд үзэг цаас барьсан зураг илгээж ч байх шиг...
Зарим хүмүүс Ерөнхий сайдыгаа муухай харагдуулах аянд мордсон бололтой.
И.Санаа