Төв цэвэрлэх байгууламжид гарсан үйлдвэрийн ослын улмаас 30-35 насны дөрвөн залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гарсан.
Уг ослын дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан талийгаачдын ар гэрийнхэнд хоёр өрөө орон сууц олгох шийдвэр гаргаснаа олон нийтэд мэдэгдэж байв.
Улмаар Нийслэлийн удирдлагууд талийгаачдын ар гэрийнхэнд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон хороолол”-д тус бүрд нь 56 мкв талбайтай, хоёр орон сууцны түлхүүрийг өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр гардуулсан юм.
Гэтэл уг мэдээлэлтэй зэрэгцэн “Төмөр Оргил” гэх фэйсбүүк хаягтай иргэн
“Ус сувгийн 1500 гаруй ажилчдын үр дүнгийн шагнал цалинг хасаж байж авч өгч байгаа байр даа. Хөгийн юм хийчихээд попроод байх юм. Хэчнээн хүн цалингийн зээл нтрээ төлж чадахгүй сандарч байгааг мэдэх үү”
гэсэн пост оруулсан нь олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан үүсгэсэн юм.
Ажил үүргээ гүйцэтгэж аваад цэл залуугаараа харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд олгосон орон сууцыг хаанаас ямар санхүүжилтээр худалдан авсныг УСУГ-ын дарга Ц.Төрхүүгээс тодруулахад
“Тэр орон сууцыг Нийслэл Улаанбаатар хотоос өгсөн. Манай байгууллагаас өгөөгүй. Манай байгууллагын дотоод журамд хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдаж осол гарсан тохиолдолд бүх ажилчдад олгодог шагнал цалинг тухайн сард нь хасна гэдэг заалт байдаг. Би энэ журмыг ч баталсан юм биш. Сүүлийн 30-40 жил үе үеийн дарга нар нь мөрдүүлж ирсэн зүйл л дээ. Би ажилтнуудынхаа цалинг хасъя бууруулъя гэдэг хүн биш. Манай ажилтнуудын авдаг цалин бага учраас аль болох л нэмье гэдэг юм. Өнгөрсөн сард ТУЗ-ийн хурлаар цалин нэмэх асуудлыг хэлэлцэж тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Нэмэгдэл цалин нь энэ сараас эхлэн мөрдөгдөж байгаа. Нэгэнт байгууллагын дотоод журамдаа бүх хүмүүсийн шагнал цалинг хасна гээд заачихсан учраас тэрийг мөрдсөн. Цалин дээр нэмж олгогдох байсан шагнал цалинг өөр зүйлд зарцуулаагүй. Цалингийн санд одоо ч байгаа” гэсэн юм.
УСУГ-ын ажилтнууд сар бүрийнхээ үндсэн цалин дээр тухайн сард гаргасан амжилт, үр дүнгээсээ шалтгаалан үндсэн цалингийн 50 хүртэлх хувьтай тэнцэх урамшуулал цалинг авдаг хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм.
Цэвэрлэх байгууламжид гарсан ослын улмаас амь насаа алдсан талийгаачдын ар гэрийнхэнд олгосон орон сууцны санхүүжилт хаанаас гарсныг Нийслэлийн Засаг даргын орлогч, Цэвэрлэх байгууламжид гарсан ослын шалтгааныг тогтоох ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалангаас тодруулахад
“Уг мөнгийг Нийслэлийн нөөц сангаас гаргасан. Ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж явсан дөрвөн залуу үйлдвэрийн осол, гамшгийн улмаас амь насаа алдсан учраас Хотын даргын гаргасан шийдвэрээр орон сууцнуудыг олгосон. Мөн УСУГ-аас талийгаачдын ар гэрийнхэнд 36 сарын цалинтай тэнцэхүйц нэг удаагийн тэтгэмжийг холбогдох хуульд заасны дагуу олгож байгаа байх” гэсэн юм.
Олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэн “Төмөр Оргил” гэх фэйсбүүк хаягтай иргэнээс уг мэдээллийнх нь талаар тайлбар авах гэсэн боловч тэрбээр хариу өгсөнгүй.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан дөрвөн сайхан залуугийн ар гэрийнхэнд олгосон нэг удаагийн тэтгэмжийн эх үүсвэрийг албаны эх сурвалжаас тодруулахад ийм мэдээлэл гарлаа. Харин хайртай хүмүүсээ үүрд алдаж, сэтгэл зүрхээрээ эмтэрч яваа ар гэрийнхэн хийгээд хамт олных нь сэтгэлийг шархлуулахуйц худал муухай мэдээллийг зарим нэг хүмүүс улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор тарааж байгаа нь харамсалтай.