Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлдөг ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна хэмээн иргэд хэлдэг. Тэгвэл урин дулаан цагт хөдөө орон нутаг руу гэр бүлээрээ зугаалан амрах болсон. Үүнтэй холбогдуулан бид дараах мэдээллийг уншигч танд хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалаар иргэн бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан рашаан, сувиллуудад хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй билээ.
Бүх насны иргэд дараах рашаан, сувиллын газруудад 7-10 хоног /доод тал нь 7 хоног/эмчлүүлж, сувилуулахад тухайн сувиллын хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичгээ авч очих юм байна.
“Далд засал” сувиллын газартай холбогдон иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар лавлахад “Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх. Илгээх картыг манай төвөөс авна. Сувилалд ирэхдээ хувийн бэлтгэлээ хангахаас гадна шинжилгээний бичигтэй ирэх. Тухайлбал, шээс, цус, биохимийн шинжилгээ болон суурь өвчтэй бол ямар эмчилгээ хийлгэх талаар эмчээсээ тодруулсан байх хэрэгтэй. Ингэснээр таньд зориулсан эмчилгээ, сувиллыг хийх юм. Манай сувилал хоногийн 46-50 мянган төгрөгийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 110 мянган төгрөгийг хөнгөлж байгаа. Уг хөнгөлтийг хасаж тооцохоор хоногийн 35-40 мянган төгрөгийн үнээр үйлчилнэ” хэмээв.
Харин ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын жагсаалтыг энд дарж харна уу.