“Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Ч.Ганзоригийг энэ сарын 24-ний шөнө АТГын мөрдөгчид баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Гэвч үүнээс 48 цагийн дараа түүнийг суллахаас өөр аргагүйд хүрсэнээр “Эрдэнэт”-ийн булхайгаа нуух сээмхийг нь гаргаад өгчих шиг болов. Ингэж хэлсэн шалтгаан нь хуульд зааснаар яллагдагчийг саатуулах эрх бүхий хугацаа нь 48 цаг. Энэ хугацаанд багтаж шүүхээс үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх ёстой. Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан гэдэг шалтгаанаар энэ сарын 26-нд болох ёстой байсан шүүх хурал нэг өдрөөр хойшилж, 27-нд товлогдсон юм.
Гэвч уг өдөр нь Ч.Ганзоригийн өмгөөлөгч хөдөө орон нутаг руу явсан гэдэг шалтгаанаар шүүх хурлаас “бултсан” учир сулласан нь энэ. Эндээс харвал, бүх ажиллагаа хуулийн дагуу явсан мэт. Гэвч начир дээрээ АТГ тэр дундаа прокурорын савраас ингэж амархан бултаж байсан хүн тун цөөхөн. Тэр дундаа хойшлуулшгүй ажиллагаагаар ачигдсан улс төр, бизнесийн салбарынхны олонх хамгийн багадаа 30 хоног хоригдсон байх. Гэтэл Ч.Ганзориг 48-хан цаг цагдан хоригдоод суллагдсан нь “Эрдэнэт”-ийн гэх хэргийн цаана нөлөө бүхий эрхмүүд бий гэх яриа оргүй бишийг батлав бололтой. Энэ оны хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хууль хүчнийхэнд хандаж “Та нар чаддаг юм бол Ч.Ганзоригийг хорьчих. Гэхдээ тэгж чадахгүй л дээ” гэж хэлсэн удаатай. Түүнээс гадна О.Баасанхүүгээс эхлээд цөөнгүй гишүүн дээрхтэй ижил утгатай үг хэлсэн нь бий.
2009 оноос улбаатай уг хэрэгт Б.Мөнхжаргал, н.Амарбат, Г.Галбаатар, Ш.Батхүү, Ч.Ганзориг гэсэн таван иргэнийг холбогдуулан шалгаж байгаа. Эдгээрээс Ш.Батхүү нь цагдан хоригдоод хоёр сарын нүүр үзэж буй ч хоригдохоос аврагддаг шилдэг арга болох “Эрүүл мэндийн шалтгаанаар” гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Харин Б.Мөнхжаргал, Амарбат, Г.Галбаатар нарыг цагдан хорьсон гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. Дахин хэлье. Хэрэгт холбогдуулж таван иргэнийг шалгаж байгаа. Тэдгээрийн дөрвийг нь хорьсон. Гэтэл Ч.Ганзоригийг баривчилсан ч хорьж чаддаггүй, сэжиглэсэн ч нотлож чаддагүй. Ийм л учир битүүлэг зүйл энэ хэргийн эргэн тойронд үүсээд байна. Өнгөрсөн долоо хоногийн дуулианы эзнээр яах аргагүй тодорсон түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг өнөөдөр хийхээр товлосон сурагтай. Уншигч та санаж буй бол дээрх хэрэгт холбогдуулан өнгөрсөн онд түүнийг саатуулж, тайлбар авсан. Тухайн үед тэрбээр “Би энэ хэрэгт огт холбогдолгүй. Миний гарын үсгийг хуурамчаар дууриалгаж зурсан” гэж мэдүүлсэн. Үүнээс өмнө Ш.Батхүү “Ганзоригийн гарын үсэг мөн” гэх зүйл ярьж байгаад түүнийг ийм мэдэгдэл өгсний дараа яагаад ч юм бэ мэдүүлгэсээ буцаж гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлсэн. Тэгвэл эх сурвалжийн хэлснээр “Жаст”-ын Ш.Батхүү мэдүүлгээсээ дахин буцсан гэх мэдээлэл байна. Хэрвээ үнэн бол Ч.Ганзориг “Эрдэнэт”-ийн хэргийн гол эзний нэг байх магадлалтай болж таарах нь. Эндээс нэг гаргалгаа хийхэд энэ мэдээлэл үнэн бол түүнд хэргээ нуухад цаг хэрэгтэй болсон. Тиймээс л эхний ээлжинд шүүгчээс татгалзаж, дараа нь өмгөөлөгчөө хөдөө явсан болгож шүүхийг хуурч хорих ангиас суллагдсан. Энэ бол хэргийн нотлох баримтыг нуун дарагдуулах, цаг завших гэсэн гэмт хэрэгтнүүдийн хэрэглэдэг шалгарсан арга. Хэрвээ өмгөөлөгч нь хөдөө орон нутагт томилолттой явсан гэдгээ баталж чадахгүй бол ёс зүйн дүрмээрээ банга хүртэх учиртай. Бүр өмгөөлөх эрхээ хүртэл хасуулах эрсдэлтэй гэж байгаа. Ямартай ч өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болно. Эндээс Монгол Улс олон зуун сая ам.долларын өрөнд орох уу, эсвэл улсын хөрөнгийг толгой мэдэж бусдад барьцаалсан нөхөд ил болох уу гэдэг ээдрээ тайлагдах эхлэл тавигдаж магадгүй юм.