Ипотекийн зээлийн шинэчлэгдсэн журам II улирлаас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шинэ журмаар зөвхөн орон сууц биш, инженерийн байгууламжийг шийдсэн, цахилгаан халаагууртай, 120 метр квадрат хүртэлх амины орон сууц худалдан авахад 60 сая төгрөг хүртэл зээл авч болохоор тусгасан. Хэдий тийм боловч хагас жил өнгөрөхөд шинэ бодлого хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь инженерийн байгууламж, цахилгаан халаагуурын стандарт нь ямар байх зэргийг нэгтгэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байгаа юм.
Иргэдийн хувьд дээрх журамд заасны дагуу зээл авах хүсэлтээр банканд ханддаг ч уг зээлийг олгохгүй зөвхөн орон сууцны ипотекийн зээлийг олгож байгаа гэдэг хариулт өгч байгаа аж.
Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх асуудлыг яаравчлан шийдэхээр ажиллаж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдсэн үед иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.