Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр 12.30 цагаас хэвлэлийн бага хурал зарлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Би өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийнэ. Нийслэлийн Засаг даргаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, Тосонбумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудал, хэвлэлийн эрх чөлөөнийн асуудлаар мэдээлэл хийнэ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нар Тост Тосонбумбын нурууны ордод олборлолт хийж байгаа. Тост, Тосонбумбын нуруу бол миний, миний өвөг эцгийн нутаглаж ирсэн газар. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгч байсан ч, биш байсан ч энэ асуудлаар сурвалжилга хийх л байсан. Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийг шалгаад маш олон зөрчилд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлснийг та бүхэн харж байна. Би нутгийн хүний хувьд энэ компанийн эсрэг тэмцлээ зогсоохгүй. Харин хариуцлагагүй энэ компани үйл ажиллагаагаа зогсоох ёстой.
Би хотын дарга С.Амарсайхантай олон жилийн өмнөөс танилцаж, найз нөхрийн холбоотой явсан үе бий. Би тэр хүнээс 400 сая төгрөг нэхсэн асуудал огт байхгүй. Би ТВ8 телевизийг хуучин эзэн С.Баянмөнх гэдэг хүнтэй маш олон гэрээ хэлцэл хийсний эцэст худалдан авсан.
Яг тэр үед Хотын даргын ахын “Зүүнбаян рефайнери” гэдэг компанитай холбоотой асуудлыг сурвалжлан хүргэсний маргааш тус телевизийн эфирийг хаасан. Телевизын эфир хаасан асуудлаар маш олон удаа утсаар ярьж эвээр ярихыг хичээсэн боловч тоогоогүйгээр барахгүй сүүлдээ даажигнан тохуурхсан шинжтэй болж ирсэн. Телевизийн эфир хаасан асуудал нэг хүний өмч хөрөнгөд халдсан асуудал төдий биш, хэвлэлийн эрх чөлөөг боомилсон үйлдэл байсан. Тэд хоёр хүний хооронд утсаар яригдсан яриаг хууль бусаар бичиж аваад тэр бичлэгийг чинь цацна, хаалтын гэрээ хий гэж намайг дарамталсан. Өнөөдөр ТВ8 телевизийг, маргааш бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж болохоор байна. Хууль эрх зүйн орчин ийм сул байна. Туул голын бургасыг тэд тайрсан нь үнэн. Тэр асуудлыг нь мэдээлсэн манай сурвалжлагчийг тоосго нисч ирээд хүнийг алчихдаг шүү гэж хоёр шөнө дарамталсан байсан. Энэ асуудлыг нь цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатар харин хотын төсвийн мөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ байгуулж, хэвлэл мэдээллийнхнийг тэр гэрээгээрээ шантаажилж байна. Би та бүхэнд гэрээг харуулъя /гэрээг үзүүлэв/. Би Нийслэлийн Засаг даргыг шантаажлаагүй. Би энэ салбарын нэрийг барьсан, энэ салбарыг худалдсан зүйл байхгүй. Би өнгөрсөн хэд хоногт хэвлэл мэдээллийг хэрэгслүүд хэрхэн худалдагдсан болохыг харлаа. Телевизүүд сайтууд сонинууд Тост, Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулдаг компаниас мөнгө авч гүтгэлэг хийлээ. Сэтгүүлчдийн өмнө үнэн хүчгүй байна. Үнэнийг нууж, улайм цайм гүтгэлэг мэдээ тараахаас ичихгүй байхгүй найз нараасаа сэтгүүлчдээсээ ичиж байна.
Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Ард түмнээсээ уучлалт гуйж байна. Иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн гэдгийг зарлаж байна. Хэнийг ч хайрладаггүй, юуг ч хайрладаггүй ийм тогтолцоо бий болсон байна. Монгол Улсын ардчиллыг хамгаалах гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд та бүхэн сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хуулийг батлаад өгөөч. Би энэ тэмцлээ зогсоохгүй. Итгэж үнэмшиж ирсэн хэвлэлийн эрх чөлөө рүү дайрч байгаа учраас би өнөөдрөөс албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө удирдах зөвлөлдөө өгнө.
Бичлэгийн хоёрдугаар хэсэг:
Намайг харлуулж, гүтгэж байгаа асуудлыг шалгаж дуусах хүртэл би албан тушаалаасаа түдгэлзэж байна. Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ би ийнхүү хүлээж байна. Хотын дарга та Туул голын хядсан бургасаа нөхөн тарихаас нааш, байгаль орчин учруулсан 9 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулахаас нааш хотын дарга байх эрхгүй. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа асуудал нэг тийш болох хүртэл Хотын дарга С.Амарсайхан та албан тушаалаа эрхлэх эрхгүй шүү. Би шударгаар хэлье. Би ажилласаар ирсэн салбараа, төрүүлж өсгөсөн ээж ааваа, төрж өссөн нутгаа худалдаагүй. Та бүхнээс нэг зүйлийг л хүсье. Сэтгүүлч мэргэжлээ хайрлаач, энэ салбараа хамгаалаач. Монголд хараат бус сэтгүүл зүйн яриад байх ч хэрэггүй болж. Бүгд биш л дээ. Гэхдээ худалдагдсан маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгийг өөрөө харлаа. Улайм цайм баримтыг нь гаргаж өгөөд байхад гараад тэс өөр зүйлийг бичдэг болж. Ийм хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж үнэний дуу хоолой байж чадах юм. Бид энэ хэвлэлүүдтэй хатуу ярих ёстой. Үнэний заазуур болсон байна шүү дээ” гэв.