СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаар тогнолд ойрхон орнууд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Тусгаар тогтнол гэдэг бол улс үндэстнүүдийн хувьд юугаар ч сольшгүй, нандин эрхэм зүйл. Бүхэл бүтэн нэг зуун, нэг мянганы турш тусгаар улс болж, бие даасан статустай болохоор тэмцэж буй олон үндэстэн бий. Тухайлбал, Иракийн Курд, Их Британийн Шотланд, Испанийн Каталон, Өмнөд Осети, Каскадын Бүгд Найрамдах Улс зэргийг нэрлэж болно. Зөвхөн энэ онд гэхэд эдгээр автонамит орнууд тусгаар тогтнох эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад, санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь тусгаар улс болохыг дэмжээд байна. Гэвч зөвхөн санал асуулгын дүнгээр тусгаар улс болох эсэхийг шийдэхгүй. Тэгвэл www.scoopwhoop. com ойрын хугацаанд тусгаар улс болох магадлалтай орнуудыг нэрлэжээ.

КАТАЛОН

Каталончууд өнгөрсөн 2017 онд Испаниас тусгаар тогтнохоор бүх нийтийн санал асуулга явуулсан. 2.2 сая саналын хуудсыг тоолсны дараа 90 хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн байдаг. Каталон сонгуулийн насны 5.3 сая хүн амтай. Испанийн Засгийн газрын зүгээс эсэргүүцэл, дарамт шахалттай тулгарсан ч каталончууд тусгаар тогтнохыг илүүд үзсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Испанийн Дээд шүүх санал хураалтыг хууль бус гэдэг шийдвэр гаргаад байна. Каталоны өөртөө засах орон нь Испани Улсын харьяанд Пиренейн хойгийн хойд захад 32 мянган км газар нутагтай, 7.5 сая хүн амтай. Өөртөө засах орны төв нь 1.5 сая хүнтэй Барселон хот. Каталончууд каталан болон испани хэлээр ярьдаг.

ШОТЛАНД

1707 онд Их Британийн парламентаар хоёр улсыг нийлүүлэх талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрснээр шотландчууд тус улсын харьяат болсон. Энэ мөчөөс эхлэн Лондоны боолчлолд орсон шотландчууд тусгаар улс болохын төлөө тэмцлээ үеийн үед буухиалж ирсэн юм. Шотландын үндэсний нам түүхэндээ анх удаа 1934 парламентийн суудалд гарсан хэдий ч тусгаар улс болж чадаагүй аж. Харин 1999 онд Шотланд үндэстэн анх удаа парламентийн сонгууль явуулсан байна. Гэвч Шотландын парламент нь орон нутгийн чанартай бөгөөд Вэстминстерийн эрх мэдлээс давсан шийдвэр гаргаж чаддаггүй. Жишээ нь, Британид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргахад шотландчууд эсэргүүцэх боломжгүй. Шотландын Үндэсний нам 2007 оны парламентийн сонгуульд ялалт байгуулахдаа тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэхээ амлаж байсан юм. Шотландын тусгаар тогтнолын асуудлаар шинээр санал асуулга явуулахыг Шотландын парламент өнгөрсөн гуравдугаар сард дэмжсэн. Ийм санал асуулга явуулахын тулд тус улсын Ерөнхий сайд Никола Стержен ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан юм. Шинээр санал асуулга явуулахыг Шотландын парламентын 69 гишүүн дэмжсэн бол 59 хүн эсэргүүцсэн байна. Шотландын иргэд Британийн Европын холбоон дахь гишүүнчлэлийн асуудлаарх санал асуулгын дүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Өнгөрсөн 2017 оны зургадугаар сард явуулсан санал асуулгаар шотландчуудын олонх нь буюу 60 гаруй хувь нь Британийг Европын холбооны гишүүн хэвээр байлгахын төлөө саналаа өгчээ. Харин Их Британийн Засгийн газар Шотландад шинээр санал асуулга явуулахыг “Брексит”­тэй холбоотой үйл ажиллагаа дуустал хориглоно гэж мэдэгдээд байгаа.

КУРД

Иран, Ирак, Сири, Туркийн нутагт 30 сая курдууд амьдардаг учраас тэдний тусгаар тогтнол бол яах аргагүй чухал асуудал. Гэвч шинжээчдийн үздэгээр дээрх нүсэр бүрэлдэхүүн нь өдийг хүртэл тусгаар улс болж чадаагүйн үндэс болсон аж. Тэд бол тусгаар улсын статусгүй дэлхийн хамгийн том үндэстэн юм. Анх 1840 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл гаргасныг туркууд зогсоож байв. Үүний дараа 1908, 1936, 1945 онуудад ч дахин бослого гарсан ч нийт үндэстнээрээ оролцож чаддаггүй, хагаралтай байдал нь өнөөг хүртэл тусгаар тогтнолын тушаа нь болсон гэж үзэх хүмүүс ч бий. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Курдистаны тусгаар тогтнолын асуудлаар Иракт болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 93 хувь нь буюу 3.3 сая курд иргэн Иракаас салж, Курдын тусгаар тогтносон улс байгуулахыг дэмжсэн. Хэвлэлүүдэд Иракийн Курдистан гэж бичиж байгаа боловч энэ бүс нутгийн албан ёсны нэр нь Иракийн Үндсэн хуульд заасан ёсоор “Курдын өөртөө засах /автономит/ район” юм. НҮБ, АНУ болон бүс нутгийн улсууд санал асуулгын дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өмнө нь болж байсан санал асуулгуудыг ч мөн адил зохисгүй зүйл гэж мэдэгдсээр ирсэн юм. 2010­2014 онд “Исламын улс” бүлэглэл Иракийн эрх баригчид болон Курдистаны удирдагчдын хооронд үүссэн газар нутгийн талаарх маргааныг ашиглан Иракийн олон бүс нутагт нөлөөний хүрээгээ тэлж чадсан билээ. Сөргөлдөөн дахин сэдэрсэн нь олон улсын эвслийн хүчний цохилтод өртөн хүнд байдалд ороод буй “Исламын улс”­д “түр амсхийж хүчээ сэлбэх” боломжийг олгож магадгүй гэж шинжээчид үзэж байна.

ӨМНӨД ОСЕТИ

Аланчуудын удам осетичууд тусгаар тогтнолын төлөө хамгийн тууштай тэмцэгчид. ОХУ, Гүржийн заагт орших энэхүү үндэстэн 2008 онд тусгаар тогтнолоо олохоор тэмцсэн ч санасандаа хүрч чадаагүй. Энэ тэмцэлд ЗХУ гэх том бүлийн нэг гишүүн байсных нь хувьд оросууд оролцсон хэдий ч олон улсын зүгээс шүүмжлүүлж, ашиг сонирхлын зөрчил бий гэж үзэхэд хүргэжээ. Өмнөд Осетид одоо ч Оросын иргэний үнэмлэхтэй хүмүүс байдаг гэсэн баримт ч байдаг. Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Никарагуа, Венесуэль, Науру зэрэг хүлээн зөвшөөрсөн хэдий ч “Оросын ард нуугдаж, Москвагийн кнопоор ажилладаг” гэж үзэх улсууд ч бий. 

КВАБЕК

Квабекууд XVIII зууны үед Их Британийн колони байгаад өдгөө Канадын мэдэлд байх болсон. Тэдний 85 орчим хувь нь францаар ярьдаг бөгөөд тусгаар тогтнолд уриалсан түүхэн үг нь хүртэл францаар (“Je me souvien” буюу “Би дурсана”) байдаг аж. 1980, 1995 онуудад тусгаар улс болох оролдлогууд олноор гарч байсан ч 1995 онд бүх нийтийн санал асуулга явуулж 7.5 сая иргэний саналаар Канадын нийтийн танхим улс доторх үндэстэн гэдгийг нь л хүлээн зөвшөөрсөн юм. Кэбэк нь Канадын хамгийн том муж бөгөөд байгалийн баялагаар арвин байдал нь тусгаар улс болоход нь садаа болдог байна.

КАСКАДЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС

Каскадын Бүгд Найрмадах Улс нь Британийн Колумб, Орегон, Вашингтоны хяналтад байдаг 14 сая иргэн бүхий том үндэстэн хэдий ч тусгаар тогтнолын төлөө тэмцэл нь удаа дараа амжилтгүй болж байсан. Өөрсдийгөө Каскадын Бүгд Найрамдах Улс гэж нэрлэдэг ч албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй. Үндэстний статустай байдаг ч эдийн засгийн хувьд тогтвортой, “Майкрасофт”, “Амазон”, “Старбакс”­ын салбар үйлдвэрүүд байдаг. Ардчилсан үзэл баримтлал бүхий үндэстний удирдлагатай бөгөөд Портланд, Ванкувер хоттой найрамдалт харилцаатай аж. Гэвч эдгээр хотууд тусгаар тогтнолынх нь төлөө кноп дарах эрх мэдэлгүй.

эх сурвалж: https://www.scoopwhoop. com/7-countries-that-could-exist-in-thenear-future

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.