Тээврийн цагдаагийн албанаас өнгөрөгч амралтын өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зам тээврийн нөхцөл байдлын мэдээллийг ирүүллээ.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авсан байна. Хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, явган зорчигч мөргөж гэмтээсэн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд 2019.06.01-ний өдрийн 18:12 минутын орчим Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.
Мөн СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд 2019.06.02-ны өдрийн 19:30 минутын орчим Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж тус тус гэмтээсэн байна.
Иймд иргэд, жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг, эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулжээ.