С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын ухааны доктор Б.Очирбаярыг (Ph.D) урьж ярилцлаа.
– Монголчуудад нийтээрээ гадаад хэл сурах хэрэгцээ, шаардлага байгаа ч сургалтын төв ямар байх ёстой, ямар зарчмаар ажилладаг вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Үүний уршгаар хүмүүсийн хэл сурах хэрэгцээ, хүсэл дээр дөрөөлж мөнгө олдог сургалт цэцгэлсээр байна.
Яг үнэндээ хэл сурах гэж байгаа хүнээс төлбөрийг нь авч нөгөө талд цагийн багш авчраад хоёр талын үйлчилгээний зөрүүн дээр мөнгө олдог сургалт нь суралцагчийн хүсэл эрмэлзэл дээр ашиг харж буй явдал юм. Гадаад хэлний төвийг удирдаж, ажиллуулж байгаа хүн мэдээллийн ажилтны үүрэг гүйцэтгэдэг үе хоцрогдож байна.
Монголчууд нүүдэлчин соёлтой учраас нэгнийхээ үгэнд итгэмтгий. Сайн, гоё гэсэн газар болгонд очдог боловч үр дүн гарахгүй болонгуут суралцагч өөрийн зүгээс “Би энэ удаа хичээсэнгүй” гээд л орхидог. Уг нь бол сургалт авах гэж байгаа газраасаа “Ямар стандартаар сурах юм. Мөнгөө өгчихөөд ямар үр дүн гарах вэ?” гэж асуух ёстой. Сургалтын төвүүдийн дундаж төлбөрийг харвал багагүй мөнгийг төлөх тохиолдол байдаг. Ингэж цаг зав, мөнгөө зарцуулан байж сурч байж ямар арга зүй, системээр сурах гэж буйгаа шаардах хэрэгтэй. Танай хөтөлбөрөөр сураад ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ мэдэх эрхтэй. Хоёрдугаарт, хэл сурч байгаа нийтлэг зарчмыг харахаар дэлхий нийтийн нэг л хэлийг сонгон сурна гэдэг. Гэтэл тухайн хэлийг сурснаар амьдралд нь хэрхэн нөлөөлөх, ямар өөрчлөлт гарахыг тооцоолдоггүй. Сурсан хэлээрээ яаж өөртөө инноваци хийж мэдлэгээ ахиулж, амьдралаа сайжруулах юм гэдгээ тодорхой болгодоггүй. Дэлхий нийтийн хэл учраас Англи хэл сурах гэж байгаа гэдэг. Гэтэл тухайн суралцагчийн хэрэглээ нь өөрөө магад хятад, орос, япон, хятад, герман ч юм уу дэлхийн хэмжээнд хамгийн өргөн ашиглах талаас үзвэл хятад хэлийг 1.3 тэрбум хүн ашигладаг. Дараа нь хинди, тэгээд Англи хэл ордог.
Манай байгууллага 2014 онд судалгаагаа эхлүүлэхдээ “Монгол хүн гадаад хэл сурах аргазүйн төлөв байдлын хувьд юугаараа онцлог юм бэ” гэдэг асуултыг зорилгоо болгон солонгос хэлээр дагнан судалгаагаа эхлүүлсэн. Гадаад хэл заахад бусад улсын хөтөлбөрийг авч ирээд шууд хуулах бус Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон арга барилыг олохын тулд хичээн ажилласан. Монгол хүн аливааг маш хурдан ойлгодог хэрнээ давтах цаг зав гаргадаггүй, шулуухан хэлэхэд гадаад хэл сурч буй монголчууд бидэнд хоёр сул тал анзаарагдаад байна. Үүнд нэгдүгээрт, шаргуу биш, хоёрдугаарт, богино хугацаанд ойлгож хүлээн авдаг ч удаан төвлөрч сууж чаддаггүй сул талтай. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэлээд олон хэлбэрээр суралцагчийн идэвхи, сургалтын төвлөрөх чадамж дээр туршилтуудыг хийсэн. Сургалтын хувьд 8-12 сарын турш сургалтад суух сонирхол, боломж хомс байсан тул сургалтын хөтөлбөрөө шахуу болгон 3-6 сарын дотор Солонгос хэлний зургаан түвшинтэй шалгалтын III-IV-т тэнцүүлэх зорилт тавихад үр дүн эрс дээшилсэн. Солонгос хэлний түвшин тогтоох зургаан түвшний III-IV-т нь тэнцэх юм бол БНСУ-ын улсын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суух шаардлагагүй болоод зогсохгүй, үндсэн ангид нь 30-100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжтой болох чадвар юм. Ингэж гадаад хэл сурах аргазүйг технологитой хослуулсан нь богино хугацаанд хангалттай үр дүн авчрах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн богино хугацаанд хичээнэ, төвлөрнө, зүтгэнэ. Харин үр дүнд нь зорилгодоо маш хурдан хүрдэг онцлогтой.
БЛИЦ
Боловсрол:
Ажлын туршлага:
-2011-2012 он, “Боловсрол” телевизийн зайн сургалтын солонгос хэлний багш,
-2017-2018 он, “ТВ8” телевизийн алсын зайн сургалтын солонгос хэлний багш
-2014 оноос “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, судалгаа шинжилгээний албаны дарга,
-2019 оноос Монгол Улсын Эрдмийн их сургуулийн Солонгос хэл, Соёлын сургуулийн захирал
– Гадаад хэлтэй хүмүүс хаа сайгүй. Гэтэл зарчим нь бол олон хэлтэй байхдаа биш нэг хэлийг амьдралдаа ашигтайгаар хэрэглэх туйлын зорилго юм. Сонгон суралцаж буй нэг гадаад хэлийг зорилгодоо нийцүүлэн сурч чадвал ажил, амьдрал дээр хэрэгцээ, шаардлагыг нь гаргаж, амьдралаа өөрчлөх боломж нь бүрдээд зогсохгүй дараагийн хэлийг сурахад дөхөм болох юм. Өнөөгийн нийгмийг харвал олноороо англи хэлийг мэдээ орсон цагаасаа шахуу сурч эхэлж байна. Зорилгоо тодорхойлоод тухайн хэлийг сонгон суралцах бус сонголтгүй сонголт дээр эхэлж сурчихаад, дараа нь “Яагаад сурч байгаа билээ” гэх талтай байна. Гэтэл монгол хүмүүс дунд сургуулиасаа эхлээд 6-7 жил Англи хэл үзээд байгаа мөртлөө яагаад дийлэнх олноороо чөлөөтэй ярилцах чадвартай хүмүүс их биш байна вэ. Тухайн хүний хувьд энэ хэл нь үнэхээр хэрэгтэй цаг үе нь мөн үү, сурахыг хүсч байсан уу үгүй юу гэдэг хувь хүний үзэл бодол сонирхол маш чухал юм. Суралцагчийн хүсэл эрмэлзлэлд нийцсэн бөгөөд XXI зууны сурах бичгийн онцлог нь тухайн үндэстний сэтгэлгээг шингээх, тухайн сурах бичгийг технологи талаас нь хөгжүүлэхээс гадна үзэмж гээд цогц асуудал гарч ирнэ.
Хүмүүс яагаад заавал солонгос хэлийг санал болгоод байгаа юм бэ гэж асуудаг. Тэгвэл бидэнд солонгос хэлний хөтөлбөр, аргазүй, технологийн дэвшил, систем, хамтын ажиллагаа бүгд бэлэн байна. Төгссөний дараа ажлын байраар хангах боломж нь ч бий. Энэ бүгдийг бий болгохын тулд манай хамт олон багагүй хөдөлмөрлөсөн. Зөвхөн солонгос хэлийг заах аргазүйн төлөв, суралцах хөтөлбөр, ном сурах бичиг, системийг хөгжүүлэхэд зургаан жил зарцууллаа. Өнгөрсөн хугацаанд боловсруулж чадсан суурь дээр өөр нэгэн гадаад хэлийг нэмэх юм бол бид 2-3 жил ажиллахад л өдий дайны цогц системийг хөгжүүлж чадна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 40 гаруй ном боловсруулан БНСУ-ын 10 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. 2019 оны хавар бид Монголоос 100 оюутныг БНСУ-д суралцах төлбөр, байр, хоолны зардлаас 100 хувь чөлөөлөгдсөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тун удахгүй бодитой үр дүнг зарлах болно.
Манай байгууллага суралцагчийн үр дүнг бодитой дээшлүүлэхийн тулд 130 мянган үгийн сантай Солонгос, Монгол толь бичиг боловсруулан үнэ төлбөргүй ашиглах боломжоор хангасан, мөн баримт бичгийн орчуулгын систем, сургалтын төвийн дотоод үйл ажиллагааны хийгээд бүртгэл мэдээллийн цогц системийг нарийн судалгааны үндсэн дээр хөгжүүлсэн. Суралцагчдад интернет байх л юм бол сурах бичиг дээр буй өгүүлбэрийг сайт дээр бичин хайхад үг, дүрмээр нь задлах, ойлгохгүй дүрмийн хэсэг дээр дарахад дүрмийн видео хичээл гарах боломжтойгоор боловсруулан гаргасан.
Манай сургалтын төвийн хувьд зөвхөн анхан шатны хичээл гэхэд дүрэм шинэ үг төвтэй, сонсох, унших, бичих, шинэ үгийн дэвтэр гээд үндсэн зургаан номтой. Бүх нүүр нь өнгөт, CD-тэй, нэг ном 6-12 сая төгрөгөөр хэвлэгдэнэ гэхээр зардлаа хаанаас гаргадаг юм бэ гэж хүмүүс асуудаг. Гадаад хэлийг системтэй, судалгаатай заахын тулд эхний ээлжинд хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, суралцагчийн төлбөрийг эргүүлээд суралцагч нарынхаа инноваци болгох хэрэгцээ туйлаас их юм. Манай www.worldlanguage.mn гээд цахим сайт руу зочлон сурах бичиг дээрх дурын өгүүлбэрийг оруулахад солонгос хэлний шинэ үг болон дүрмээр нь нэг бүрчлэн задалдаг системийг хийсэн. Дүрмэн дээр дарахаар видео хичээл гарч ирэх жишээтэй. Хэрэв суралцагч тухайн хичээлийг ойлгоогүй бол сайт руу ороод уншиж, үзэж, сонссоноор дэмжлэг болж чадахуйц болсон юм. Хэл заах аргазүйн шинэ чиг хандлага ингэж гарч ирж байгаа юм.
Тэнхимийн хичээл зардал өндөртэйгээс гадна цагт баригддаг тул өөр өөр үзэл бодол, боловсролын түвшинтэй хүмүүс нэг дор суралцахад ойлгохгүй байж болно. Бидний үзэж байгаагаар бол сургалтын процесс багш эсвэл шавь төвтэй бус систем төвтэй болсон. Өөрөөр хэлбэл, ангид ойлгохгүй байж болно гэсэн зарчим юм. Гадаад хэл сурч байгаа суралцагч маань олон хүн дунд “Би ойлгосонгүй” гэж хэлж чаддаггүй. Энэ хүмүүс бүгд ойлгоод байхад ганцаараа ойлгохгүй байгаа юм биш биз дээ гэсэн эргэлзээнээс болоод асуухаасаа ичдэг. Тиймээс байгууллагын зүгээс үүргээ ухамсарлаж үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Манай төв суралцагч багштайгаа ойлголцоод гарахад мэдээллийн ажилтан араас нь санаа тавьж хичээлийг видео, аудио хэлбэрээр өгдөг, хичээлдээ ирэхгүй бол утасдаж асуудаг. Дотоод үйл ажиллагааны системээр хэн, ямар шалтгаанаар ирэхгүй байгааг хянан халамжлан утасдаж байдаг. Суралцагч ирж чадаагүй бол ярилцаж байгаад нөхөж ордог, онлайн сургалтаа санал болгох зэргээр асуудлыг бүрэн шийдвэрлэж өгдөг. Гадаад хэл сонирхон суралцаж буй суралцагчийн эхний оролдлого дээр нь бүх талаар дэмжээд өгвөл богино хугацаанд тухайн хэлийг бодитой, логиктой сурах боломж бололцоо дүүрэн байна. Ер нь тэгээд хоёр, гурав дахь оролдлогоос эхлээд тухайн хэлийг сурах тал дээр дөжирч эхэлдэг учраас сурна, чадна гэсэн хүслийг нь унтраачихгүйн тулд бүх л талаар дэмжих хэрэгтэй.
Суралцагч зорилгодоо хүрнэ гэдэг бол үйлчилгээний соёл, технологийн дэмжлэг, хичээлийн хөтөлбөр, сургалтын аргазүй, суралцагчын хичээл зүтгэл, багшийн чиглүүлэг юм. Зөвхөн шинэ үг цээжлэх аргазүйн талаар ярихад бид цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр 05:30 цагт цугларан шинэ үг цээжлэх аяныг 2019 оны хавар зохион байгуулсан. Цэцэрлэгт хүрээлэнг аажуухан нэг тойроход нэг хүүхэд 8-10 нүүр буюу 14 хоногийн туршид 1800 үг цээжилж байна. Судлаад үзвэл хүн алхаж байхдаа үг сайн цээжилдэг. Хоёрдугаарт, өглөө тархи сэргэг байдаг. Энэ янзаар гурван сар явуулахад 10 мянган үг цээжлэх боломжтой. Мэдээж хэрэг мартах, санах, цээжлэх үг давтагдлаа гэж тооцохоор 6-8 мянган үг цээжилж зорилгодоо маш хурдан хүрч чадна.
-Бид солонгос хэлний чиглэлээр маш нарийн судалгаа хийн солонгос хэл заах шинэ хөтөлбөр боловсруулан сурах бичгүүдээ гаргасан. Улсын хэмжээнд гадаад хэлний чиглэлээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас зөвшөөрөл авсан 350 орчим газар бий. Энэ дундаас солонгос хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 80 газар байгаагаас 40 нь үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй. Цөөн хэд нь тогтмол үйл ажиллагаатай ч ихэнх нь элсэлт бүрдвэл хичээллэнэ, цагийн багшийн цагт тааруулна, зөвхөн анхан шат л заана гэх зэргээр судалгааны үр дүн гарсан. Яагаад бид энэ судалгааг хийсэн юм гэхээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж, хүрээгээ тэлэхийг зорьсон. Харамсалтай нь тийм боломж бүрдээгүй ч дахиад боломж бололцоог эрэлхийлэх болно. Гадаад хэлний сургалтын төвүүд нэгдээд өөрсдийн холбоо, дүрэм журмыг боловсруулах, цаашлаад дэлхийн хэмжээнд өрсөлдөх бүрэн боломжтой. Бид яг энэ систем руу орж монгол хүний сэтгэлгээний онцлог, арга зүйг хамтдаа судалья гэсэн боловч зарим сургалтын төв судалгаанд цаг зав үрэх дургүй, зөвхөн хэлний чиглэлээр үйл ажиллагаа дагнан явуулдаггүй, цаашид энэ чиглэлээр тууштай ажиллах хүсэлгүй гэх мэт асуудлууд тулгарсан ч цөөн хэдэн байгууллага хамтран ажиллах боломжтой хэмээн мэдэгдсэн.
Улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нэгдмээр байна. Хэн нь юуг сайн хийж чаддагаа ойлголцож хөтөлбөр, стандартыг хөгжүүлэн хөрш зэргэлдээ улсуудад очиж монгол хүний хэл сурах аргазүйн онцлогийг санал болгоё. Нэгдэж байгаад олон улсад өрсөлдөе. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад эв нэгдэл байхгүй салбарыг гадныхан орж ирж эзэлж байна. Бид нэгдээд үйлчилгээний соёл, цогц системийг бүрдүүлээд экспортоо дэмжихэд болохгүй, чадахгүй зүйлгүй.
Бид эхний удаа ӨМӨЗО руу орохын тулд сурах бичгүүдээ уйгаржин бичигт хөрвүүлж байна. Энэ маягаар Орос, Хятад, Вьетнамын зах зээлд гарахаар төлөвлөж байна. Солонгосын их, дээд сургуулийн төлөөлөл бидэнтэй ирж уулзахдаа гайхсан. Орчинд нь хэл сургахаар бүтэн жил зүтгэхэд хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Гэтэл Монголд 3-4 сар сураад ахисан түвшинд тэнцээд байгааг гайхсан. Бидний боловсруулсан системийг аваад Вьетнамд салбар төвийг нь нээх боломж бололцоо ямар байна вэ гэх тохиолдол ч байдаг. Ингэж эрх ашгаа цугтаа авч явах ёстой. Гадаад хэлний сургалтын төвүүд эхний удаа соёлоороо нэгдэн суурин дээрээсээ зөв чиг хандлагаа тогтоогоод олон улсад хүчтэй тоглогч болох боломж байгаа гэдгийг уриалмаар байна.
2019.6.3 ДАВАА №112 (6079)