АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад гурав хоногийн хугацаатай төрийн хэмжээний айлчлалаа эхлүүлэх гэж байна. Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 09 цагт Трамп Лондон Стэнстед нисэх буудалд газардах юм.
Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет өнөөдөр орой Америкийн Ерөнхийлөгчийг тэргүүн хатагтайн хамт Букинхэмийн ордонд хүлээн авч төрийн хүндэтгэлийн зоог барина. Трампын айлчлалыг угтан Их Британи даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. Манчестер, Белфаст, Бирмингхэм, Ноттингхэм хотуудад жагсаал болно.
Их Британи улс Европын Холбооноос өрх тусгаарлах гэж байгаа тогтворгүй цагт Трампын айлчлал болж байна. Тэрээр Британийн дараагийн Ерөнхий сайдаар Борис Жонсоныг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн Брексит намын удирдагч Нигель Фараг Засгийн газрын Европын Холбооноос гарах хэлэлцээрт оролцох ёстой гэж үздэг.
Төрийн хэмжээний айлчлалын эхний өдөр Трамп гэр бүлийн хамт Хатан хааны гэр бүлтэй цагийг өнгөрөөж, Британид амьдардаг Америкийн нэр алдартай зочдын өмнө үг хэлнэ. Харин хоёр дахь хоногт Ерөнхийлөгч Трамп Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзана.
Эх сурвалж: www.bbc.com