СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхэд насаа булаалгасан 690 сая хүүхэд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Дайн тулаан, зөрчилдөөнтэй бүс нутагт амьдарч буй 690 орчим сая хүүхэд сурч боловсрох болон эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар “Save the Children” байгууллага мэдээлжээ. Өнгөрсөн .

Түүнчлэн өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 31 сая хүүхэд ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа нь 2000 оноос 80 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Эрхээ эдэлж чадахгүй байгаа 690 сая хүүхдийн 420 сая орчим нь дайн дажинтай бүс нутагт амьдарч буй нь эдгээр хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, сурч боловсрох боломжоор хангах, эрүүл мэндийн үзлэг зэрэгт хамруулахад улам төвөгтэй болгодог талаар “Save the Children” байгууллагынхан онцолсон байна.

Зөвхөн Сирид л гэхэд хоёр дүрвэгч тутмын нэг нь хүүхэд. Барууны зарим сайтууд “Сири 90-ээд оноос хойших бүхэл бүтэн нэг үеэ устгаж байна” хэмээн бичиж байна. Эцэг эхтэйгээ аз жаргалтай амьдарч, сургуульд сурдаг байсан охин, одоо харин дүү нараа тэжээхийн тулд Ливанд бохь зараад явж байх жишээтэй. Яг ийм жишээ зөвхөн Сирид л гэхэд нэг сая гаруй бий. Дэлхийн улс орнууд Сирийн төдийгүй иргэний дайн, эдийн засгийн хүндхэн нөхцөлтэй байгаа улс орнуудын цагаач, дүрвэгсдэд боломжийнхоо хэрээр тусалж байгаа ч дүрвэгсдийн хуаранд шинээр мэндэлж байгаа хүүхдүүд иргэншилгүй буюу аль ч улсын иргэний харьяалалгүй болох аюул тулгараад байгаа аж.

Хэдийгээр дүрвэгсдийн хуаранд төрж байгаа хүүхдүүдийг шинээр мэндэлсний баталгаа болгож бүртгэж байгаа ч зарим тохиолдолд бүртгэлгүй өнгөрдөг байна. Тухайлбал, Иракийн Ирбиль хотын ойролцоох “Кавргоск” дүрвэгсдийн хуаранд төрсөн хүүхдүүдийн хувьд тэдэнд төрсний гэрчилгээ олгох эсэх нь эргэлзээтэй, бүс нутгийг захирдаг курдуудын эрх баригчид тодорхой шийдэлд хүрээгүй байна. Дүрвэгсэд нэн ядуу, дээрээс нь алслагдсан бүсэд байгаа учир төв суурин газар бараадаж шинээр мэндэлсэн хүүхдүүддээ төрсний гэрчилгээ авч өгч чадахгүй байгаагаас харьяалалгүй, тодорхой бичиг баримтгүй хүүхдүүд олширч байгаа гэнэ.

Сирийн хямралаас хойш Ирак Улсад байгуулагдсан дүрвэгсдийн хуарангуудад нийтдээ 12516 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Гэхдээ бодит байдал дээр үүнээс олон хүүхэд мэндэлсэн ч бүртгэлгүй явж байгаа юм. Хэдийгээр дайн дажинтай бүс нутагт хүүхдийн эрх хурцаар зөрчигдөж буй ч дэлхий даяар сүүлийн 20 жилийн хугацаанд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 49 хувиар, ерөнхийдөө хүүхдийн эндэгдэл 17 хувиар, сургууль завсардалт 33 хувиар, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 40, насанд хүрээгүй хүүхдийг хүчээр гэрлүүлэх явдал 25 хувиар тус тус буурчээ. 

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ГЭРЛЭЛТ

2000 онтой харьцуулахад хүүхдийг насанд хүрэхээс нь өмнө гэрлүүлэх тохиолдол 51 хувиар буурчээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд эмэгтэй хүүхдийг бага насанд нь хүнтэй гэрлүүлдэг Энэтхэг Улс хүртэл охидын боловсролын түвшинг дээшлүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах болсон. Түүнчлэн зөвхөн тус улсад л гэхэд өсвөр насны охидын жирэмслэлт 22 орчим хувиар буурсан байна. Энэтхэгийн Дээд шүүхээс өнгөрсөн жил 18 болон түүнээс доош насны охидтой бэлгийн харьцаанд орохыг хориглосон нь ихээхэн нөлөөлжээ. Хэдийгээр насанд хүрээгүй охидын гэрлэлт сүүлийн жилүүдэд буурч байгаа ч 2030 он хүртэл 150 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэнэ гэсэн “UNICEF”ийн судалгаа байна.

Хүүхдэд ээлгүй орнууд

  • Буркина Фасо
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
  • Гвиней
  • Нигери
  • Сомали
  • Өмнөд Судан
  • Мали 
  • Чад
  • Нигер
  • Төв Африкийн Бүгд Найрамдах Улс

Хүүхдийн эрхийг хүндэтгэдэг орнууд

  • Сингапур,
  • Швед,
  • Финлянд,
  • Норвеги,
  • Словени,
  • Монока,
  • Шинэ Зеланд,
  • Австри,
  • Нидерланд,
  • ХБНГУ

2000 онтой харьцуулахад

  • Жилд дунджаар таваас доош насны 4.4 сая хүүхэд нас бардаг байсан нь 49 хувиар буурчээ.
  • 2000 онд сургууль завсардсан хүүхдийн тоо 115 сая байсан нь 33 хувиар буурчээ.
  • 20 орчим жилийн өмнө хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 94 орчим сая байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 40 орчим хувиар буураад байгаа аж.
  • Өсвөр насны охидуудын төрөлт 22 хувь буюу гурав орчим саяар буурсан байна.
  • Насанд хүрэхээсээ өмнө гэрлэх тохиолдол 11 саяар буурчээ.

эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2019/05/quarter-world-children-robbed-childhood-report-190528103458370. html

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.