Хүүхдийн баяраар хүүхдэдээ бэлэглэх бэлгээ бэлдээгүй бол дуртай номыг нь авч бэлэглээрэй хэмээн Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын нийтийн төв номын сан”-гийн хамт олон уриалж өнөөдөр “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөгийг зохион байгуулж байна.
Уг өдөрлөгийн үеэр хүүхдийн 11 зохиолч ирэн өөрсдийн номоо танилцуулж, хямдралтай номын худалдаа болохоос гадна авьяаслаг хүүхэд багачуудын тоглолтыг өдрийн турш толилуулах гэнэ.
Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэгийн эмхтгэн гаргасан “Шувуудын жиргээ” шүлгийн номонд тухайн шувууны онцлог, хаана амьдардаг, ямар хоол иддэг гэх мэтийг танин мэдэж, шүлгийг нь цээжлэх боломжтой. Тэрбээр “Удахгүй 100 шувуу, 100 загас, 100 амьтдын талаар танин мэдэхүйн шүлэглэсэн номоо гаргана. Жишээлбэл, заан гэхэд “Алба дэлбэг чихтэй, Салбаг сэлбэг сүүлтэй” хэмээн хүүхдийн үг хэллэгийг сайжруулсан мөртлөө танин мэдэхүйн шүлэг зохиодог юм. Хүүхдүүддээ эхлээд Монголынхоо зохиолчдын хүүхдийн зохиолуудыг сайн уншуулж, эх хэл дээр нь сайн сэтгэдэг болсны дараа гадаад хэлийг сайн сурдаг” хэмээв.
“Бяцхан хайгуулчид” номын өдөрлөгийн үеэр "Ganuna publishing”-гаас эрхлэн гаргадаг “Багваахай” сэтгүүлийг хямдралтай үнээр буюу 8000 төгрөгөөр зарж байлаа. Уг сэтгүүлийн онцлог нь япон хэв маягтай, монгол агуулгатай бөгөөд уншиж сурч байгаа хүүхдэд зориулан олон төрлийн мэдээллийг сонирхолтой байдлаар агуулсан байдаг байна.
Тус арга хэмжээ өнөөдөр 10:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар хотын номын сан"-гийн гадна талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр урлагийн үзүүлбэрүүд, гэр бүлийн хөгжөөнт уралдаан, тэмцээнүүд зохиогдох юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит “Улаанбаатар хотын нийтийн төв номын сан”-гийн салбар номын сангийн хүүхдийн уншлагын танхим зуны турш 10:00-18:00 цагийн хооронд ажиллаж байгаа гэдгийг дуулгасан юм. Иймээс хүүхэд багачууд та бүхэнд зуны амралтаараа дуртай номоо уншаарай.