Энэтхэг улсад зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн сонгуулийн дүнд Ерөнхий сайд Нарендра Модигийн нам үнэмлэхүй ялалт байгуулж өчигдөр хоёр дахиа тангараг өргөлөө. Дэли хотод болсон Ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд Болливудын алдартай одод, улс төрчид, орон нутгийн удирдагчид зэрэг долоон мянган зочин уригдан ирсэн байна.
Энэ жил 68 настай Засгийн газрын тэргүүн ард иргэдийн дэмжлэгийг авч 545 суудалтай Парламентын доод танхимд 354 суудлыг Бахаратия Жаната нам дангаараа эзлэхэд хувийн дүр төрхөө кампанит ажлын гол хэсэг болгон ашигласан нь байгаа оносон юм. Нарендра Моди өөрийн баримталж ирсэн зарчмуудыг кампанит ажлынхаа уриалга болгон Пакистан улстай хилийн маргаан хурцадсанаас хойш үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь зүйтэй гэдгийг кампанит ажилдаа тусгажээ.
Ерөнхийлөгчийн ордонд Ерөнхий сайдаас гадна шинээр сонгогдсон Засгийн газрын танхимын гишүүд тангаргаа өргөсөн байна. 1971 оноос хойш Парламентын сонгуульд дангаараа үнэмлэхүй ялалт байгуулсан анхны нам Бахаратия Жаната болсон.
Зочдын нэрсийн жагсаалтаас Пакистан улсын Ерөнхий сайд Имран Хан болон сөрөг хүчний удирдагчид зэрэг зарим хүмүүсийг хасчээ. Каран Жохар, Ражиникант ба Кангана Ранаут зэрэг кино урлаг, спортын супер одод, гадны улс төрчид зочдын дунд багтжээ. Мөн Энэтхэг улстай хил залгаа орших Бангладеш, Шри Ланка, Мьянмар, Балба, Бутан зэрэг хэд хэдэн улсын төлөөлөгчид уригдсан байна.
Эх сурвалж: www.bbc.com