СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-31

Монгол Улс “Хүүхэд насыг хулгайлагч” орон биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Мөнхтунгалаг

Маргааш олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Өнгө өнгийн хувцастай, солонго шиг гэрэлтсэн хүүхдүүд аав ээжийнхээ гараас зүүгдэж өнжинө. Энэ өдрийг олон улсад хүүхдийн эрхийг хамгаалж, тэдний дуу хоолойг сонсож өнгөрүүлдэг бол манай улс хүүхдүүддээ бэлэг өгч, тоглуулж, олон нийтийн газраар дагуулан ойр зуур худалдаа хийж өнгөрүүлэх нь олонтаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийнхээ дуу хоолойг сонсох, тэдний эрхийн төлөө дорвитой шийдвэр гаргаж, хүнд, хэцүү орчин нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүддээ хараа хяналт тавих тал дээр нэлээд хойргодуу. Аахар шаахар чихэр, жимс болоод энэ өдөр дуусдаг. Олон улсын хүүхдийн эрхийн энэ өдөр нэгэн таатай мэдээлэл дуулгахад, өнгөрөгч 20 жилийн дотор манай гариг дээр 280 сая хүүхдийн амьдрал сайжирсан гэж Хүүхдийг ивээх сангаас мэдээллээ.

Хүүхдийг ивээх сан нь “Хүүхэд насны төгсгөл” дэлхий нийтийн тайланг үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийг тохиолдуулан, хүүхдийн төлөө хийж буй амжилтаа тэмдэглэхийн тулд гаргажээ. Тайланд 176 улс орон дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг үнэлж, хүүхдийн эндэгдэл, хөдөлмөр эрхлэлт, сургууль завсардалт, охидын эрт гэрлэлт, төрөлт, хүчирхийлэл зэрэг “хүүхэд насыг хулгайлагч” найман үзүүлэлтээр жагсаажээ.

2000 оны тайлангаар 970 сая орчим хүүхэд, хүүхэд насаа бүрэн дүүрэн эдэлж чадалгүй шаналж байгааг тайлагнаж байв. Харин улс төрийн манлайлал, нийгмийн хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн зорилтуудын ачаар тайланд оролцсон 176 улсын 173-т нь мэдэгдэхүйц ахиц дэвшилт бий болж, энэ тоо өнөөдөр 690 сая болж буурсан болохыг 2019 оны тайландаа онцлов. Тэдний судалгааны дүнгээс тодруулбал, дэлхийн хамгийн ядуу зарим орнуудад хүүхдийн төлөө ихээхэн дэвшил, өөрчлөлт гарсан нь улс төрийн манлайлал, зөв бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн ажлууд үр дүнгээ өгсний нотолгоо гэж үзжээ. 

Харин Монгол Улсын хувьд хүүхдийнхээ амьдрах орчны аюулгүй байдлыг бий болгох, эрүүл мэндийг нь хамгаалах, эм, эмчилгээнийх нь зардлыг шийдвэрлэх, сурч боловсрох эрхийг ялгаваргүйгээр нээлттэй болгох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангах, халамжийн бодлогоо сайжруулах зэрэг олон талын ажил хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Бидний хувьд хүүхэдтэй холбоотой тоон үзүүлэлт, судалгааны үр дүн тийм ч таатай байдаггүй ч .

. Харин хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг халахын тулд бид нэлээд хичээх хэрэгтэй бөгөөд хөдөө аж ахуй (хурдан морь унах зэрэг), уурхай, барилгын салбаруудад 50 мянга гаруй хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байгааг Хүүхдийг ивээх сангийн олон нийттэй харилцах ажилтан А.Дэлгэрмаа онцолж байна. Тэрбээр “Өвөл, хаврын хахир хүйтэн цагт 12-оос дээш насны хүүхдүүдээр хурдны морь унуулахыг зөвшөөрсөн нь хүүхдийг насаар нь ялгаварлаж, 12-оос дээш насны хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж болох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж Хүний Эрхийн Үндэсний Комисс үздэг.

Иймд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байгаа 18 хүртэлх бүх насны хүүхдийн эрхийг баталгаажуулж, тэдний эсэн мэнд амьдрах, өсөн дэвших, хамгаалагдах эрхийг хүндэтгэхийг бид уриалж байна. Нэг ч хүүхэд хахир хатуу өвөл, хаврын цагт албадан хөдөлмөрийн улмаас амь нас, эрүүл мэнд, боловсрол, ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт гаргахыг Хүүхдийг Ивээх Сан уриалж байна. Хэдийгээр дэлхийн хөгжил дэвшил нь бүх хүүхдэд ашиг тусаа өгч чадахгүй байгаа ч бид хичээх ёстой. Өнөөдөр дөрвөн хүүхдийн нэг нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хязгаарлуулсан хэвээр байна. Манай улсын хувьд сургуулиас гадуурх хүүхдийн тоо, өсвөр насны охидын дундах төрөлт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд дорвитой өөрчлөлт гараагүй хэвээр байгааг дуулгах нь зүйтэй” гэсэн юм. 

Монгол мал аж ахуйн орон ч гэлээ мориноос унаж бэртэх хүүхдийн тоо буурахгүй байгаа нь малч, унаач хүүхдүүдийг анхаарах шалтгаан болсоор байна. Тухайлбал, . Улсын хэмжээнд 2017 онд 10.4 мянган уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс тухайн жилд хурдан морины уралдааны явцад 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд гэмтэл авсан гэх дүн мэдээ байна. Мөн гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан учир унаач хүүхдийн төлөө нийтээрээ дуугарч хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэн сайжруулж байсныг уншигчид мартаагүй биз ээ.

Хурдан морины өвөл, хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг ч хүүхдийн болон хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд тогтоосон. Иймд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталснаар арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Гэсэн хэдий ч ХНХЯ-ны сайдын тушаалаар хориглосон хугацааг 2017 онд “жил бүрийн өвлийн улиралд” болгон өөрчилсөн бол 2018 онд тушаалыг дахин шинэчилж, өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаанд 12 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон байна. Энэ асуудлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс хүүхдийг насаар нь ялгаварлаж, 12-оос дээш насны хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж болох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн байдаг. Энэ мэт Монгол Улсын хувьд хүүхдийн эрхийн төлөө дуугарах асуудал байсаар. Шийдлээ олоогүй олон асуулт хариулт нэхэж байна. Тэгэхээр хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг амттанаар бялууруулж дуусгах биш асран хамгаалагч, хариуцлага үүрэгч аав ээжийнх нь мэдэх эрхийг хангая. Та хүүхдээ сонсох, анхаарах, амгалан тайван, айдасгүй орчинд өсгөх үүрэгтэй. Хаана, ямар нөхцөлд аж төрж буйгаас үл хамааран хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай, тайван хүүхэд насыг эдлэх эрхтэй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.