Монгол дархчуудын дунд уулзаж ярилцахаар очсон хүнд дуу цөөнтэй санагдах, эд зүйлээ бариад очсон нэгэнд сэтгэлд нь хүртэл урлаж өгөөд баярлуулдаг Т.Төмөрсүх хэмээх уран гартай дархан бий. Түүний урлан тав тухтай, зорьж ирэх хүмүүсийн хөл ч тасардаггүй. Өглөөнөөс шөнө дөл болтол урландаа суух дарханд хийж буй бүтээлээсээ дараагийнхаа бүтээлийн санааг олж, ур хийцээ баяжуулах нь жаргалтай санагддаг байх. Магадгүй дуртай зүйлээ хийж байгаа үедээ ядрах гэдгийг мартдаг ч байж болох. Бурхан шүтээний урлал энгийн эд зүйл урлахаас арай өөр болохоор Төмөрсүх дархан ном судрыг нь ойлгон уншиж судлахаас эхлээд дүр төрх, дүрс бэлгэдлийг нь зөв буулгах, шүтээнийг ном ёсоор нь урлаж гүйцэтгэх, мөн өөрийн ур чадварын авъяасыг харуулах гээд бодож тунгаах зүйл их байгаа нь илт. Тэрбээр уран дархны ертөнцөд хөл тавиад 30 гаруй жил болжээ. Монгол дархны урлалын өвөрмөц онцлог, сэтгэхүй, зохиомж, уламжлал, торгон мэдрэмж түүний урласан алт, мөнгөн аяганаас нь харагдаж байлаа. Нэгнийх нь бүтээл нөгөөгийнхөөсөө ялгарч байгааг дархчууд хараад л мэддэг. Төмөрсүхийн брэнд алт, мөнгөн аяга дээр харагддаг гэж урчууд ярьдаг нь оргүй ч биш ажээ. Монгол аяганы нэр хүнд нэг хэсэг унаж, хүмүүсийн дунд манай дархчууд мөнгөн аягаа ч урлаж чадахаа больж дээ гэх ойлголт бий болчихсон байх үед тэрбээр хуучныг хуулбарлаж дуурайлгүй бүтээлдээ шинэлэг хийц, загвар оруулж “аварсан” гэдэг. Утсан сүлжмэл оруулж, эрдэнийн чулуунууд шигтгэж урласан аяга түүний ур, ухаанаас ийн төрж олны сэтгэлийг баясгаж, нүд хужирлав. Цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж, сэтгэл гарган, авьяасаа шавхаж, ухаан бодлоо шингээж хийсэн бүтээл болохоор Төмөрсүхийнх гэж ялгарч чадахаар болсон байна. Түүнээс хойш үүнээс цааш хийц байхгүй болов уу гэж бодож байсан дарханд ухаан, авьяас, ур чадвараа шавхах тусам шинэ хийц гарсаар л байж.
Одоо ч суралцсаар
Түүнийг удам угсаа гэхээсээ илүү мэргэжлийн сургууль дархан болгожээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямхүү, Төрийн дархан Д.Энхдаваа багшийн шавь болж 1985 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг дүүргэсэн аж. Сайн багш нараар эрдэм заалгасандаа баярлаж явдаг тэрбээр анх ДУДС-д очоод ямар ангид орох вэ гээд шийдэж ядан зогсож байтал багш нь харчихаад “Чи уран дархны ангид ор” гээд бүртгэн авч оруулснаар дархан болох гараагаа эхэлсэн гэдэг. Сайн багш шавийнхаа эрдэм сурах шанг зөв татаж өгөхөд шавь нь хичээл зүтгэл гаргаж чадвал сайн дархан болж чаддагийг түүний бүтээлүүд бэлхнээ батална. Тэр цагаас хойш уран дархны ажлаасаа сэтгэл урваагүй үнэнчээр зүтгэж яваа түүнээс “Та өөрийгөө ямар уран бүтээлч вэ гэдгээ таньж чадсан уу” гэж асуухад “Одоо ч би өөрийгөө суралцаж дуусаагүй гэж боддог. Дархан хүн бүтээл урлах тусам шинэ санаа авч дараагийн бүтээл хийтлээ суралцаж байдаг. Товчхон хэлбэл өөрийгөө байнга хөгжүүлж, авьяасаа нээж, ураа гаргаж байдаг гэсэн үг. Шавь нь багшийнхаа ярианаас нэг үгийг тогтоон сайн сонсоод ухаандаа задалж бодвол захиж хэлсэн үгнийх нь үнэлж баршгүй утга нь явдаг юм” хэмээн даруухан хариулав. Тэрбээр сургуулиа дүүргэчихээд Монголын Урчуудын эвлэлийн харьяа Гар урлалын үйлдвэрт 1991 он хүртэл ажиллахдаа тэр үеийн дарга нарын гадаад дотоод явахдаа авч явах бэлэг, мөн Монгол Улсын нэр нүүрийг харуулах дурсгалын томоохон зүйлсийг зэс, гууль металлаар хийдэг байжээ.
Магтагдахын тулд бүтээл урладаггүй
Хэдийгээр нийгмийн амьдралд хямралын үе байсан ч хүмүүс Урт цагааны дархчуудад ээмэг, бөгж хийлгэхээр шөнөжин дугаарладаг байх үед “Хорол” ААН байгуулж хувиараа дархны ажлаа эхлүүлжээ. Хэдэн жилийн дараа хэсэг дархчуудын хамт үйлдвэрлэл явуулах тэр үед өөрсдийн дэлгүүр гэж байгаагүй тул хийсэн бүтээлүүд нь ченжээр заавал дамжиж, тэдний таашаалд нийцэж байж хэрэглэгчдэд очдог байж. Тэрбээр тухайн үед ченжид бүтээлээ үнэлүүлж, зах зээлд гаргахаас илүү өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж бүтээлээ урлахыг чухалчилсан гэдэг. (Түүний монгол сэтгэхүй, монгол гоёл чимэглэл, хийц загвараа орчин цагтаа хослуулж хийсэн бүтээлийг нь тухайн үеийн ченжүүдэд ойлгох мэдлэг, мэдрэмж дулимаг байсан юм шиг санагдсан) Төмөрсүх гуай “Би бүтээлээ хэн нэгнээр дамжин үнэлүүлж суух утгагүй санагдсан. Өдгөө өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй боллоо. Тэр үед үйлдвэрлэгчид турк, солонгосын бүтээгдэхүүний загварыг гол төлөв хуулж үйлдвэрлэдэг байхад миний хувьд монгол загвартай бүтээл урлахыг хичээдэг байв. Үнэ цэнэ хаана байдаг юм бэ гэхээр ур чадвар, ухаан санаа, авьяаст байдаг. Магтагдахын тулд би бүтээл урладаггүй. Мэргэжилдээ дуртай, монгол дархны урлалдаа үнэнч байхыг боддог. Урлаач хүн хэдэн төгрөг олохдоо бус хийж буй бүтээлээ төгс, гүйцэд хийхийг боддог байх ёстой болов уу. “Дархан хүн бурхан ухаантай” гэж ярьдаг. Энэ нь ухааны ур, мэлмийн ур, гарын ур, сэтгэлийн торгон мэдрэмж шингээж урлахыг хэлж буй юм. Дархчууд нэг үеэ бодвол эртний бүтээлүүдээ маш сайн хуулбарлаж чаддаг болсон. Тэр ч хэрээрээ гарын дүй, ажиллах чадвар нь сайжирсан. Одоо ухааныхаа чадварыг сайжруулж, монгол бэлгэдэл, шинэ санаа оруулж бүтээлдээ шингээж өгвөл бид гадныхнаас дутахгүй гэдгээ харуулж чадна” гэж хэлсэн нь үнэнд ойр санагдсан. Ер нь сайхан эд хэрэглэж байгаа хүн эд таних ухаантай, гоо зүйн мэдрэмжтэй байх ёстой. Эд, эзэн хоёр нэг нэгнээ олох л хамгийн сайхан.
Мөрөөдөл биелэв
1994 он түүнд урам зориг хайрласан жил байв. “Төрийн шүтээн” болох Жанрайсиг бурхны шүншгийн бумба урлаж, мөн тэр жилээ төрийн наадмын түрүү бөхөд өгдөг “Төрийн хүндэтгэл”-ийн бай, шагналыг алт, мөнгөөр урлах хүндтэй үүрэг авч, анхны загварыг гаргаж урласан нь өдгөө Б.Бат-Эрдэнэ аваргын гэрт залаастай байдаг аж. Хэнтийн Батноров, Сүхбаатарын Дарьганга, Өмнөговийн Ноён сэврээ, Архангайн Далайчонхор гээд орон нутгаараа алдаршсан хийцүүд бий. Үүнтэй адил монгол дархчуудын бүтээл өөр өөрийн гэсэн ялгагдах онцлогтой. Тэгвэл Төмөрсүх гуайн хувьд уран дархан хүн юуг сурсан байх ёстой түүнийг бүгдийг нь урлах гэж хичээдэг зантай. Энэ зандаа хөтлөгдөж сэтгэлээ шингээж, хөдөлмөр зарцуулж, ухаан гаргаж урласан бүтээлүүд нь төрд үнэлэгдэж, эзэндээ Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг энгэрт нь гялалзуулсан хэрэг. Тэрбээр өөрийн амжилтын гарааг эрдэм заасан багш, өөрт буй авьяасаа харамгүй заасан ахмадуудын маань ач тус гэж боддог юм билээ. Сургуульд сурч байхдаа “Зоос гоёл”, “Урт цагаан”, Гар урлалын үйлдвэрийн мундаг дархчууд шиг болноо гэж боддог байсан мөрөөдөл нь өдгөө биеллээ олжээ.
Стивен Сигал түүний байнгын үйлчлүүлэгчдийн нэг
Дархан хүн өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй. Зорьж ирсэн хүмүүс өөр өөр зүйл урлуулна. Төмөрсүх дархны урласан бүтээлүүд хилийн чанадад ч бий. Урлуулсан эзэд нь “Ур хийц сайтай сайхан бүтээл болжээ” хэмээн магтаж, урам хайрлах нь олонтаа. Тухайлбал, Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал түүний байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Сигал буддын шашинтан, ренбүчи цолтой учир санал болгосон бүтээлийг нь урлахын тулд Төмөрсүх гуай багагүй судалгаа хийдэг хэмээн ярив. Дэлхийд гайхалтай сайхан урладаг урчууд олон байдаг ч үйлчлүүлэгч хүссэнээрээ зөвхөн өөртөө тохирох бүтээл урлуулах боломж ховор. Монгол дархчуудын урласан бүтээл бэлгэдэл агуулга, амьд, сүнслэг байдлаа хадгалдаг учраас Стивен Сигал түүнийг “тоож” урлуулдаг биз ээ. Тэрбээр түүнд “Баярлалаа, Төмөрсүх ээ. Чамаар хийлгэсэн зүүлтээ зүүгээд кинод тоглож байгаа шүү” хэмээн талархсанаа илэрхийлжээ.
Энерги шингэсэн бүтээл эзэндээ эд болдог
“Дэлхийн алдартай жүжигчинд монгол дархны урласан бүтээл байна гэж бодохоор бахархах сэтгэл төрж байна шүү” хэмээн өгүүлэхэд тэрбээр “Дархан хүн урлаг, хэрэглээ хоёрыг хамтад нь урладаг. Ур, авьяасаа ухаандаа хадгалж үлддэг. Харахад бөгж, харин бөгжинд хийц, бэлгэдлийг багтаана гэдэг ухаан юм. Тухайлбал, зохиомж загвартаа утсан сүлжмэл хээ, маш нарийн хийц, жижиг үнэт чулуунуудыг шигтгэж, бэлгэдэлт утгыг шингээнэ. Хамгийн гол нь эдгээрийг зөв хослуулж, зөв гүйцэтгэх ёстой. Хэрвээ ингэж урлаж чадвал тухайн бүтээл хүний нүд баясгаж, сэтгэлийг сэргээнэ. Монгол дархны урлалын онцлог бол сэтгэхүйн торгон мэдрэмж, уран хийц. Энерги шингэсэн бүтээл эзэндээ эд болдог. Донж нь таарсан урлал сайхан харагддаг ” хэмээн өгүүлсэн юм. Тиймдээ ч тэрбээр сэтгэлдээ Д.Энхдаваа багшийнхаа “Дархан хүн хэдэн үеийн элээлтийг даах бүтээл урлах хэрэгтэй” гэж хэлснийг байнга санаж, бүтээлдээ хэрэгжүүлэхийг зорьдог байна.
Сайн бүтээл цаг хугацааны шалгуур
Дархан хүнд баримталж явах зарчим, ёс зүй гэж бий. Тэрбээр хэнд ямар бүтээл урлаж өгсөн тухайгаа олонд гайхуулан ярих дургүй. Тэрээр“Дархан хүн жудагтай байна гэдэг ёс зүйтэй байна гэсэн үг. Алт, мөнгөнд шуналын сэтгэлээр хандаж болохгүй. Бусдын захиалсан зүйлийг цаг хугацаанд нь багтааж, хүссэн загвар хийцийг нь сэтгэлд нь нийцтэл нь урлаж өгөх ёстой юм. Миний хувьд уламжлал дээрээ өнөө цагийн сэтгэмж зохиомж оруулж, ирээдүйг харж бодолцож урладаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг холбосон бүтээл урлахыг хичээж л байна” гэв. Цаг хугацаа, он жил тухайн уран бүтээлчийн ур ухаан, авьяас хэр тэгширснийг бүтээлээр нь шалгадаг том шалгуур гэлтэй. Тэгвэл Төмөрсүх дархны ухааны ур, мэлмийн ур, гарын ур тэгширчээ гэдгийг түүний амрахаа умартаж, нойроо хугаслан байж урласан бүтээлүүдээс харагдана.
Музейгээс харсан зүйл бүтээл урлах олз болдог
Төмөрсүх гуайнх зуны улиралд гэр бүлээрээ Монголынхоо газар нутгаар аялж, очсон аймаг, сумынхаа орон нутгийн үүх түүх, музейг сонирхдог уламжлалтай. Уран бүтээлчийн хувьд музейгээс олон зүйл олж хардаг аж. Тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн хувцас, ахуйн хэрэглэл, мал аж ахуй болоод газар тариаланд хэрэглэж байсан эд зүйлийг ч сонирхож үздэг гэнэ. Эд зүйл нь ч хэддүгээр зууны бүтээл болох, ямар он жил, цаг хугацааг туулж өнөөг хүргэсэн түүхээ номноос дутахгүй хэлээд өгдөг аж. Хэнийг ч зорьж очсон орон нутгийн музейн тайлбарлагч тухайн нутгийнхаа өв соёл, ёс заншил түүхийг сайн мэддэг байх ёстой юм. Тайлбарлаж бичсэн зүйлийг хэлж өгөхөөс илүү хорхойг нь хүргэж, судлах зүйлийнх нь талаар өгүүлдэг байвал илүү сонирхолтой. Түүний ярьж буйгаар бол хаана ч явсан Монголчууд нутаг нутгийн онцлог, үндэстэн ястны ялгаа, сэтгэлгээ, бэлгэдэл, өнгө, ур хийц, байгаль дэлхийтэйгээ харилцдаг байсан зүйлээ хэрэглэж байсан эд хэрэглэлдээ шингээсэн байдаг аж. Газар нутгийн хувьд ч, ур дархын хийцээрээ ч өөр. Тиймдээ ч газар нутгийн онцлог уран дархчуудын хийцэнд нөлөөлсөн нь харагддаг. Тухайлбал, Хөвсгөл төмөрлөгийн ордтой учраас төмрийн урлал сайн хөгжиж, хийцээрээ бусад нутгаас ялгардаг. Энэ нутгаас төрсөн Ерэнтэй дархан төмөр, ган хайлуулж бүтээл урладаг байсан гэлцдэг. Дарьганга нутгийнхан Манжийн хааны цөм сүргийг хариулдаг байсан учир цалин пүнлүү нь цагаан мөнгө, шүр сувдаар үнэлэгддэг байж. Энэ нутгийн дархчууд гоёл чимэглэлийн эд зүйл, тэр дундаа эмэгтэй хүний толгойн боолт, шүр сувдан даруулга, ээмэг, бөгж гэх зэрэг зүүсгэл, эмээл, хазаар зэргийг гаргууд сайн урладаг байсан аж. Хэнтий нутгийн дархчууд мөнгөөр томоохон эд зүйлс, сав суулга урладаг байсан бол Говийн нутгийнхан заг, хайлаасаар хийсэн модон эд хэрэглэл, Баруун аймгийнхан мөнгөн эдлэл багатай, нарийн ур хийцгүй ч өөрийн нутгийн язгуур урлаг, уламжлалаа урлалдаа шингээдэг байжээ.
Монголын дархчууд нийтээр үнэлүүлэх цаг иржээ
Эцэст нь дүгнэхэд Монголын дархчууд урландаа тухалж хол ойрын үйлчлүүлэгчдээр тэрүүхэн тэндээ хүрээлүүлж сууснаас дотооддоо төдийгүй хилийн чанадад бүтээлүүдээ таниулан сурталчлахад нэгдсэн холбоо зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Монголын дархчуудын “Түмэн Эрдэнэс” холбоо урчуудынхаа бүтээлийг дэмжиж, хооронд нь танилцуулах боломж олгож буй. Гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцуулах гарцыг ч нээж өгөхөөр зорьж байгаа. Хувь хүн бүрийн туршлага нэг өөр, нийтийн туршлага нэгдээд ирэхээр бас нэг өөр. Гэхдээ дархчууд зоригтой нэгдэж чадахгүй байгаагийн учир нь “Надад ямар ашигтай юм” гэж боддог том дутагдал байгаад байна уу даа гэсэн бодол төрснийг нуух юун. Олон улсад монголын дархчууд танигдахын тулд нэгдмэл байх ёстой. Тэгвэл нэгнээрээ бус, нийтээр үнэлүүлэх цаг хэдийнэ иржээ урчууд, дархчууд аа.