Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар “Байгаль орчинд ээлтэй, нэгдсэн ухаалаг систем бүхий нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан.
Дээрх төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 1200 цахилгаан автобус, хүүхэд тээвэрлэх зориулалтаар 250 цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлж, энэ хүрээнд долоон дэд систем бүхий ухаалаг систем хөгжүүлж, нэгдсэн удирдлагын төв, олон улсын стандартад нийцсэн дөрвөн авто бааз байгуулан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гурван авто баазыг шинэчилнэ хэмээн Засгийн газраас мэдэгдэж байв.
Цахилгаан автобусыг оруулж ирэхэд Монгол Улсын хөгжил бэлэн биш
Засгийн газраас баталсан уг төсөл хөрсөн дээрээ буух боломжгүй, үндэслэл тооцоогүй шийдвэр байсан гэдгийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар хэллээ.
Цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх төсөлд 854 тэрбум төгрөг шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. Хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус ашигласнаар 1046 автобусны жилд ялгаруулдаг хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцор арилж, агаарын чанар сайжирна гэж тооцоолж байсан юм.