Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй Тусгай замын автобус төсөл сонгон шалгаруулалтын ажлаас үүдэлтэйгээр дахиад хойшилжээ. Уг төслийг хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг 2017-2018 онд хийсэн ч бүтэлгүйтсэн тул дахин зохион байгуулж байгаа гэдгийг Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэллээ.
Нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих коридор, түүнд үйлчлэх хөдлөх бүрэлдэхүүн, зорчигч хурдан хугацаанд автобусандаа суух боломж бүхий зогсоолын байгууламжийн цогц систем болох Тусгай замын автобусыг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр Таваншар, Офицеруудын ордон, Нисэх онгоцны буудлаас хотын төв хүртэл ердөө 30 орчим минут зорчдог болох аж.
Тусгай замын автобусыг нэвтрүүлэхэд шинээр зам тавих огт шаардлагагүй бөгөөд одоо байгаа замын голын хоёр эгнээг зурагт үзүүлсний дагуу засан тохижуулж, уг замаар маш олон хүний багтаамжтай автобусыг тогтсон цагийн хуваарийн дагуу ямар ч түгжрэл чирэгдэлгүйгээр зорчуулдгаар онцлог юм.
2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 жилийн турш сунжирч байгаа энэ төслийг нийслэлийн удирдлагууд энэ зундаа багтаан хэрэгжүүлж чадвал ирэх намраас эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүмүүс түргэн шуурхай очих газартаа хүрэх боломжтой болох юм.