УИХ-аас ЕБС-ийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийг баталснаар 800 гаруй ЕБС-д сурч байгаа 600 мянга гаруй хүүхэд үдийн хоолтой болох боломжтой болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл өглөө.
-2006 оноос хойш 1-5-р ангийн хүүхэд "Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг байсан. Үүнийг "Үдийн хоол” болгож байгаа юм. Засгийн газраас нэг хүүхдэд ногдох нормативыг тогтооно. Одоогоор нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 1200 төгрөг байх санал оруулж ирсэн. Бид дэмжинэ. Хуулийн ач холбогдол нь хүүхэд хооллохоос гадна нийгмийн эрүүл мэндийн болоод нийтийн халамжийн чухал ач холбогдолтой хууль юм.
Нэгдүгээрт, хүүхэд цатгалан байх юм бол хичээл сурлагадаа сайн байна. Өлсгөлөн хүүхэд юм сурч чадахгүй.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Монголчууд бидний дунд их байгаа зүрх, судасны өвчин хоолтой асар их холбоотой. Зөв хооллосон хүүхдүүд хэдэн жилийн дараа нийтээрээ зөв хооллодог, нийгмээрээ суурь өвчингүй байх үндэс болох юм. Энэ хуулийг дэлхийн улс орнууд янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Тиймээс бид дэлхийн 168 улстай хөл нийлүүлж "Үдийн цай”-г хоол болго гэдэг зүйл хэрэгжиж эхэлж байна. Мөн дэлхийн 80 гаруй оронд энэ хоолыг үнэ төлбөргүй өгдөг. Ийм хуулийн заалтыг бид баталсан гэсэн үг.
Түүнчлэн боловсрол эрүүл мэндээс гадна нийгмийн хамгааллын чухал арга хэмжээ болно. Үдийн хоолыг орон нутгийн болон дотоодын бүтээгдэхүүн байна гэдэг шаардлага тавьж байна. Бусад улс оронд ч ижил. Манайд огт үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүнийг ХХААХҮЯ-аас хүүхдийн хоолны импортын барааны жагсаалтаар баталж өгнө, бусдыг нь зөвхөн дотоодоос авч жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Хууль 2020 оны 09-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Хүүхдүүдэд өгч байгаа “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох нь
2021 оны 09-р сарын 01-ээс хэрэгжинэ.
2022 оны 09-р сарын 01-ээс 5-9-р ангийнхан
2023 оны 09-р сарын 01-ээс ахлах ангийнхан “Үдийн хоол”-д хамрагдана. Ингээд 2023 онд гэхэд 1-12-р ангийн бүх хүүхэд "Үдийн хоол" иддэг болно.