Ардчилсан намаас бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг жагсаалд Ардчилсан намын есөн дүүрэг дэх намын хороодын төлөөлөл, оюутан, залуучууд, ахмадууд, бүр ЕБС-ийн сурагч гэх мэт 1000 орчим хүн ирж оролцлоо. Жагсаалын үеэр Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн бөгөөд "60 тэрбумын гэгдэх авлигаар 65 суудал авсан эрх баригч та бүхний сонгон байгуулсан Засгийн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөөр Улсын Их Хурлын гишүүдийг хахуульдаж улмаар тэднээр дамжуулан хууль хулгайлах замаар хулгайгаа хариуцлагагүй, худал хуурмагаа үнэн болгож хүчирхийлэл, аллагыг өөгшүүлж ардчилалын үндэс болсон иргэний сонгох сонгогдох эрхийг хүртэл үгүйсгэн дарангуйлалыг тогтоох эхлэлийг тавилаа" хэмээгээд,
-Дарга нарын том тэрэг шатахуунаар бялхаж, эхнэр хүүхдийг нь зөөж байхад
Жирийн иргэд Приусээ түрэх нь холгүй мөлхөж байна.
Гишүүд нь 3 хувийн зээл хувааж идэж байхад
Иргэд нь 30 хувийн зээлд дарлуулж байна
Яамдын өрөөгөөр авлига тэнүүлчилж байхад
Сургуулийн танхимд сүрьеэ орогнож байна
Сайд дарга нар сархадаа хэтрүүлж, биеэ сувилуулж явахад
Салбарт нь хүн үхэж байна
Хэдий болтол мангас ярьж, иргэдээ мангасаар айлган өөрсдөө мангас болж суух вэ, эрх баригчид аа!
Архидалттай, аллагатай, авлигатай, айдастай У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцон нэн яаралтай огцруулахыг шаардаж байна гэжээ.