"Монгол Феррари" Б.Батчулуун ахлагчтай "Никитон" хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Тэгш ой тохиож буй учир зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Никитон-25" бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар бэлтгэлдээ оржээ. Тоглолтын тасалбарын хувьд суудлаасаа хамаараад ялгамжтай үнэтэй байх ба эцсийн байдлаар шийдээгүй байгаа аж.
Тэрнээс наана 2019 оны зургадугаар сарын 1-нд ХБНГУ-ын Берлин хотод, зургаадугаар сарын 9-нд Дюселдорф хотод тус тус тоглохоор хөлгийн жолоо залсан байна.
"Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулууны хувьд гурав дахь үеийн уран бүтээлч бөгөөд түүний өвөг эцэг нь Ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамъян, аав нь Ж.Батсайхан "Соёл Эрдэнэ" хамтлагийн анхдагчдын нэг юм. Б.Батчулуун нь "Никитон"-ы нэрийн хуудас болсон хит дуунуудын нэг "Янаг цэцэг"-ийн аяыг гэхэд л долдугаар ангидаа зохиож байсан төрөлхийн авьяастай, хөдөлмөрч нэгэн тул түүнийг фенүүд нь "Монгол Феррари" хэмээн хүндлэн өргөмжилдөг билээ.