БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Намыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон элчин сайдын яамны сангийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас үзжээ. Тус яамнаас элчин сайдтай холбоотой хэргийг шалгаж эхэлсэн байна.
Жон Жэ Нам нь өнгөрөгч 2018 оны тавдугаар сарын 17-ны өдөр БНСУ-аас Монгол улсад суух 12 дахь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож, өргөмжлөх жуух бичгээ Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьжээ. Албан ажлаа хүлээж авснаас хойш тэрээр визний хураамжаас завшсан болон визний материалыг хуурамчаар бүрдүүлэхэд оролцож зуучлагчидтай хуйвалдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Үүгээр зогсохгүй Өмнөд Солонгосын элчин сайдын яаман дахь доод албан тушаалтнуудтай зүй бус харьцаж доромжилдог байсан гэжээ. Өмнөд Солонгосын Холбооны үйлдвэрчний эвлэлийн хилийн чанад дахь ажилчтнуудын асуудал хариуцсан газраас Гадаад хэргийн яаманд хандан ажилтнуудыг дорд үзэж, тэдэн руу хашгичиж загнах, үлдэгдэл хоолоо авч ирэхийг зүй бусаар шаардсан зэрэг үйлдлүүдийг гаргасан гэж мэдээлсэн байна. Мөн ажилтнуудыг албадан албан тушаалыг нь өөрчлөх зэрэг зохимжгүй үйлдлүүдийг удаа дараа гаргасан нь камерийн бичлэгт үлджээ.
Эх сурвалж: http://world.kbs.co.kr