"Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг Олон улсын стандартаар үзүүлнэ" уриатай "Тэнүүн огоо" ХХК-ийн байранд өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 компанийн төлөөлөл туршлага судалж, үзүүлэх сургалт хийлээ.
Нийслэлийн захирагчийн албанаас 2018 онд нийтийн тээврийн нийт 21 компанид аттестатчлал явуулахад, зургаа нь шилдгээр шалгарсны нэг нь "Тэнүүн огоо" ХХК ажээ.
Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа "Аттестатчлалыг 21 шалгуур үзүүлэлтээр явуулснаас гурвыг нь онцолж үзсэн. Нэгд, материаллаг бааз, Хоёрт, Санхүүгийн чадавх, Гуравт, Боловсон хүчний нөөц. 21 компаниас зургаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байсан. Жишээ нь, өнөөдөр үзүүлэх сургалт хийж байгаа "Тэнүүн огоо" ХХК-ийн хувьд автомат угаалгын газартай, усаа дахин боловсруулж саарал ус болгон, буцаагаад ашигладаг" гэлээ.
"Тэнүүн огоо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат "Манайх өдөр тутам арван чиглэлд 140 автобусаар үйлчилгээ үзүүлдэг. Нийт 400 автобустай, 500 ажилтантай. Засварын төвтэйгээ нийлээд дөрвөн салбартай. Бүрэн автомат угаалгын цехтэй" гэлээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа "Нийтийн тээврийн салбар өдөр тутам 600 мянган зорчигчийг тээвэрлэдэг ачаалал ихтэй, том салбар. Ойрын хугацаанд автобус баазуудын техникийг шинэчлэх, хүний нөөцийг сайжруулах чиглэлээр, дунд хугацаандаа тусгай замын автобустай болох, хэтдээ метротой болох зорилготой ажиллаж байна" гэлээ.
-BRT буюу тусгай замын автобус явуулахаар маш их хөрөнгө мөнгө үрсэн гэж боддог. Хэзээ ажил болох вэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилт бэлэн болсон. Гагцхүү сонгон шалгаруулалт хойшлоод байгаа. Санхүүжилт гарсан гэхээсээ хугацаа алдаж байна гэж ойлгож болно.
Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар "Цахилгаан автобусны талаар хүмүүс их ярьдаг. Хэт сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Үүнийг явуулахын тулд зам, нийтийн тээврийн хөгжил, цаг уур, зорчигчийн соёл гээд олон зүйлийг хамтдаа авч үзэх ёстой. Олон улсын байгууллагын судалгаа байдаг. Манайд евро дизель таарахгүй, энгийн дизель таарна гэх мэт. Нийтийн тээврийн хөгжилд олон зүйлийг хамруулан авч үзэх ёстой" гэлээ.