Р.ОЮУН
Энэ удаагийн “Миний мэргэжил” буландаа “Нарны ногоон навч” ТББ-ын тэргүүн, дендрологич, биологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимидийг урилаа.
-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа таны сонгосон ойн аж ахуйн инженерийн онцлог, нийгэмд эзлэх байр суурийн талаар сонирхуулахгүй юу?
-Миний мэргэжил бол ойн аж ахуйн инженер. Ойн аж ахуйн инженер Монголд хамгийн чухал хэрэгтэй мэргэжлийн нэг. Яагаад гэвэл Монгол орны 10 хүрэхгүй хувь нь ой тайгаар бүрхэгдсэн. Хоёрдугаарт, дэлхий дулаарч цөлжилт үүссэн. Экологийн доройтолд орж уул, ой мод, гол мөрөн, нуур цөөрөм ширгэж буй нь XXI зуунд хүн төрөлхтөн амьдрах уу, эс амьдрах уу гэдэгтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, хүний амыг барьчихвал хэдэн минут агаар амьсгалахгүй тэсдэг билээ. Хүн ус уухгүй, газар шороо, хөрсгүйгээр хаана амьдрах юм бэ. Тиймээс хүн бүр математикч, яруу найрагч байх албагүй. Харин хүн бүр экологич байх ёстой.
-Таны бодлоор дэлхийн дулаарлыг яаж тогтворжуулах вэ?
-Дэлхий нэг хэмээр дулаарсан байна. Монгол Улс 1921 оноос хойш хоёр хэмээр дулаарсан гэсэн судалгаа гарсан. Хүнээр яривал хоёр хэм дулаарчихвал халуунтай, өвчтэй хүн болно. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжсөнөөс шороон шуурга шуурч, олон гол нуур ширгэж байгааг тогтоон барих зүйл нь байгаль ой мод, ургамал юм. Өнөөдөр Улаанбаатар хот агаарын бохирдолтой байна гэдэг. Гэхдээ энэ агаарыг цэвэршүүлдэг, түүний чанарыг сайжруулж хүчилтөрөгч ялгаруулдаг нь ой мод, ногоон ургамал. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ би өөрийгөө их азтай гэж боддог. Яагаад гэвэл Х ангиа төгсөөд математикийн багш болохоор МУИС-д орсон ч хавар нь сайн дураараа гурван жилийн хугацаатай цэрэгт явж ирээд ХААИС-ийн ойн инженерийн ангид орчихсон. Уг нь тооны хичээлд сайн, олимпиадад ордог байсан ч математикийн багш болоогүй. ХААИС-ийн ойн инженерийн ангид долоон жил сураад 1977 онд төгссөн.
-Математикийн багшаа болиод ойн аж ахуйн инженер болоход хэн ингэж нөлөөлөв?
-Намайг ХААИС-д ороход нөлөөлсөн хүн бол миний төрсөн ах, ХААИС-ийн орос хэлний тэнхимийн эрхлэгч Б.Жамцаа. Ах маань энд ийм сайхан сургууль байдаг, чи нэгэнт математикч болохгүй гэж байгаа бол энэ сургуульд ор гээд дагуулж очиход II курсээс нь ороод төгссөн. Цэрэгт гурван жил алба хаагаад ирсэн болохоор намын гишүүнд элссэн, тохьтой томоотой оюутан ирсэн учраас сургуулиа онц төгссөн дөө.
-Сургуулиа төгсөөд хаана хуваарилагдсан бэ. Ажлын гараагаа эхэлсэн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Сургуулиа төгсөөд Дорнод аймагт Ойн аж ахуйн даргаар шууд хуваарилагдсан. Дөнгөж сургууль төгссөн, “Уаз-469” унасан ойн аж ахуйн даргаар гурван жил ажиллаад Ой модны аж үйлдвэрийн яаманд ойжилт хариуцсан мэргэжилтнээр таван жил ажиллаад Намын дээд сургуульд суралцаж төгсөөд Улаанбаатар хотын Намын хороонд таван жил ажиллахдаа Хотын тохижилт, цэцэглэлтийн асуудлыг хариуцсан. 1989 оноос Улаанбаатар хотын “Хот цэцэг” трестийн дарга, Хотын ерөнхий дендрологичоор томилогдсон. Үүнээс хойш 21 жил Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор ажиллаад тэтгэвэртээ суусан. Ойн инженер хүн тэтгэвэрт гарна гэж байдаггүй. Одоо ч гэсэн хотын ногоон байгууламжийн зөвлөхөөр ажиллаж байна.
-Монголчууд мод тарихыг их буянтай ажил гэдэг шүү дээ?
-Мод тарих их буянтай ажил гэж байнга ярьдаг. Гэхдээ мод тарих аргаа мэдэхгүй байна гэдэг сургалттай холбоотой. Хамгийн гол нь экологийн боловсролыг дунд сургуульд олгож чадахгүй байна. Өнөөдөр хүүхдүүд ХII анги төгсөөд хуульч, эдийн засагч, гадаад руу явж эмч болно гэдэг. Олон их, дээд сургууль ойн инженерийн ангиар элсэлт авч чадахгүй байна. Яагаад гэвэл экологийн сонирхол, мэдлэгтэй болгож төгсгөөгүйтэй холбоотой. Тухайбал, самар тарихаар хуш, мойлын яснаас монос ургадаг гэдгийг мэдэхгүй төгсч байна. Бүр биологийн багш нь ч мэдэхгүй байна. Биологийн багш үүнийг мэдэхгүй төгсөнө гэдэг ямар харамсалтай юм бэ. Маргааш галав юүлэх гэж байсан ч та алимны мод тарь. Нэг мод тарьвал нэг насны, хоёр мод тарьвал хойд насны буян гэж ярьж байна. Хоосон ярьж болохгүй. Тиймээс Монголыг ойжуулах, хот сууринаа цэцэрлэгжүүлэх, амьдарч байгаа орчноо сайхан болгоход ойн инженер л ажиллана. 2016 оны есдүгээр сараас хойш Улаанбаатар хотод 8100 том нарс мод тарьсан байна. Энэ бол зөвхөн хотын хөрөнгөөр нийслэлд тарьсан мод.
-Мод тарих гэснээс сүүлийн үед ойгоос мод оруулж ирээд үхүүлж байна гэсэн яриа их гарсан?
-Ойн инженерийн хувьд ойгоос ямар мод авах, яаж авчраад ургуулах ёстой юм бэ гэдгийг мэднэ. 8100 модноос 75 нь л үхсэн. Өнөөдөр мод, хогоор улс төр хийж байна. Ингэж болохгүй. Би 45 жил мод тарьснаас 35-д нь Улаанбаатарт тарьжээ. Тиймээс залуу сайхан насаа чимээтэй хотыг ойжуулсан байна. Харин одоо үлдэх насаа чимээгүй хотыг ойжуулахад зориулна. Энэ жил Далан давхар, Маахуур толгой, Алтан-Өлгийд мод тарьж ойжуулна. Цаашид Монголын бүх оршуулгын газрыг ойжуулах төслийг хийж бүх аймаг, орон нутагт хэрэгжүүлнэ. Учир нь бурхан болсон нэг хүнээс 20 орчим хорт хий буюу тарваган тахал, боом нян хөрсөнд 20-40 жил задарч ялгардаг. Гэтэл бид өнөөдөр ийм аюултай орчинд амьдарч байна. Үүнийг Монгол даяар нь ой болгох ёстой. Улаанбаатар хотыг тойрсон 2500 га талбайд, 21 аймаг, гурван том хотод оршуулгын газар байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэгийн хашаанд хайлаасны бичил мод үржүүлгийн газар байгуулахаар төсөл бэлэн болгосон байгаа. Удахгүй хайлаасны үр унах гэж байна. Энэ үрийг авч бойжуулна.
-Дархан цаазтай газарт барилга барьж модыг нь сүйтгэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-1600 онд дархлагдсан Монголын дэлхийн анхны дархан цаазат уулыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглана хэмээн Зайсангийн аманд 60-70 байгууллага шийдвэр гаргуулчихаад орон сууц барьсан. Өнөөдөр дархан цаазтай бүх амыг хуваагаад дуусч байна. Өмнө нь Туул голоос урагш бүгд дархан байсан. Гэтэл одоо бүр дархан уулын горимыг зөөллөж дархан биш болгоно гэж ярьж байна. Энэ хамгийн харамсалтай бөгөөд гэмт хэрэг, соёл, иргэншил, дархан цаазат уулын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Ойн аж ахуйн инженер, экологич хүнийхээ хувьд мод устаж байгаад харамсч байна. Миний бодлоор байгальд нөхөн сэргээх, хамгаалах, цөлжилттэй тэмцэх, тарьж ургуулах том фронтыг төр, засаг гэлтгүй бүгд хийх ёстой. Дээр хэлсэн хоёр ажлыг хэрэгжүүлбэл өнөөдөр миний ойн инженер болсны хэрэг, Монголын ойн аж ахуйд оруулах хувь нэмэр, цөлжилт, агаарын бохирдолттой тэмцэх арга, бүх хүнийг экологижуулах юм.
-Өнөөдөр ойн инженерээр хэдэн хүн ажиллаж байна вэ. Энэ мэргэжилтэнг хаана бэлтгэдэг вэ?
-Энэ мэргэжлээр Монголд болон хуучнаар ЗХУ-д төгсгөдөг байсан. Одоо ч гэсэн ийм ойролцоо мэргэжлээр ХААИС, МУИС, Улаанбаатар их сургууль, техникийн их сургууль бэлдэж байна. Ойн аж ахуйн инженер гэхээр Монгол орны ойг судалдаг. Монголд 1000 гаруй хүн байгаа ч ажиллах орон тоо алга. Тухайлбал, би 21 жил хотын ерөнхийг ганцаараа хийсэн. Өнөөдөр захирагчийн албанд надтай нийлээд дөрвөн хүн ажиллаж байна. Гэтэл Хөх хотод 80 дендрологич ажилладаг. Улаанбаатар Хөх хотоос хоёр дахин бага хүнтэй. 50-аас дээш хүнтэй албанд нэг ойн инженертэй байх ёстой. Өнөөдөр ойн инженерээр төгссөн хүмүүс лангуун дээр сууж, наймаа хийж байна. Яагаад энэ хүмүүсээ ашиглахгүй байна вэ.
-Мэргэжлийнхээ юугаар нь бахархдаг вэ. Гарын шавь бий юү?
-Би мэргэжлээрээ бахархахаас гадна олон ном бичиж, эрдмийн зэрэг хамгаалсан, гавьяат цол авсан. Цаашид хийх ажил их байна. Цэцгийн трестийн дарга хийж байхад надтай ажиллаж байсан 40 инженер одоо бүгд мод үржүүлгийн газар байгуулаад ажиллаж байна. Олон их, дээд сургуульд багшилж байсан болохоор хангалттай олон шавьтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.5.29 лхагва №110 (6077)