Бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд Д аминдэмийн хэрэглээ санаа зовоосон асуудлуудын нэг байдаг. Нэн ялангуяа таны хүүхэд илүүдэл жинтэй бол Д аминдэмийг зохих ёстой хэмжээгээр нь хэрэглэх шаардлагатай гэдгийг Грекийн эрдэмтэд судалж танилцууллаа.
Америкт илүүдэл жин бүх насны хүмүүст тулгамдсан асуудал. Гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байдаг. Энэ нь аминдэмлэг бус, шим тэжээлгүй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэдэгтэй холбоотой. Мэдээж хэрэг хүүхдүүдээ илүүдэл жинтэй болгохгүйн тулд эрүүл зөв хооллох дэглэм, дасгал хийх нь хамгийн зөв арга. Харин зарим гэр бүлүүдэд бага зэрэг тусламж хэрэгтэй болдог. Тиймээс өдөр бүр Д аминдэмийг эмчийн заавраар тохирох тунгаар хэрэглэвэл илүүдэл жин багасч, холестириныг байх ёстой хэмжээнд нь барьж, биеийн жинг жигд бууруулдаг гэжээ.
Хүүхэд бага насандаа илүүдэл жинтэй байвал насанд хүрсэн хойноо ч энэ хэвээрээ үлддэг гэж үздэг. Биеийн жин байх ёстой хэмжээнээсээ их байвал зүрхний шигдээс, чихрийн шижин, хавдраар өвчлөх магадлал ихэсдэг. Түүнчлэн бүсэлхийгээрээ таргалах нь Д аминдэмийн дутагдлаас үүдсэн байж магадгүй. Нарны гэрэлд хангалттай байж чадаагүйгээс яс сийрэгжиж, дархлаа мууддаг. Хэрэв та Д аминдэмээр баялаг хүнс гэр бүлдээ сонгохыг хүсвэл загас, сүү тогтмол хэрэглээрэй.
Америкийн хүн амын 40 хувь нь, арван хүүхэд тутмын долоо нь Д аминдэмийн дутагдалтай гэж гарчээ. Манай улсад ч мөн Д аминдэм дутагдал хамгийн их тохиолддог. Монгол улсын хүн амын 80-90 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гэсэн судалгаа байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk