Яг одоо дэлхийн 800 сая эмэгтэйн сарын тэмдэг ирсэн байгааг судлаачид хэлж байна. Эдгээр охид эмэгтэйчүүдийн дунд ариун цэврийн хэрэглэл худалдаж авах мөнгөгүйгээс хичээл сургууль завсардах тохиолдол өндөр хувьтай байгааг анхааруулав.
Тухайлбал Африкийн Уганда улсад нийт эмэгтэй сурагчдын 23 хувь нь ариун цэврийн хэрэглэл худалдаж авах мөнгөгүйн улмаас сар бүрийн энэ үед хичээлдээ явдаггүй байна. Ядуу буурай хөгжилтэй гэлтгүй өндөр хөгжилтэй Австрали, Британи зэрэг улсуудад ч мөн ийм үзэгдэл багагүй тохиолдож байгааг охидын эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлдэг.
Орчин цагт техник технологи хөгжиж, шинэ санаачилгууд гарч ирэхийн зэрэгцээ байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй хэрэглээний нэг бол сарын тэмдгийн аяга юм. Энэ аягын тусламжтайгаар олон зуун охид сургууль завсардахаас сэргийлж чадаж байгаагийн жишээг Малави улсад харуулж байна.
Малави улсын эмэгтэй сурагчид мөнгө олдвол ариун цэврийн хэрэглэл авч хэрэглэдэг ч ихэвчлэн мөнгөгүй байдаг учир хуучин хувцас, даавуу хэрэглэхээс гадна хичээлдээ явдаггүй тухайгаа ярьжээ. Учир нь тэд бусад сурагчдаас маш их ичдэг гэнэ. Албаны хүмүүсийн хэлснээр охид сар бүр 5-7 хоногийн турш хичээл завсарддаг байна.
Харин сарын тэмдгийн аяга хэрхэн хэрэглэхийг сургуулийн сурагчдад зааснаар хог хаягдалгүй, 10 жилийн турш нэг аягаа хэрэглэж болох тул олон зуун доллар хэмнэх боломжтой. Нэг удаад хэрэглэж дуусаад усанд буцалгаж ариутгаад зориулалтын даавуун уутанд хадгалан дараагийн сарыг хүлээх л үлдэх юм. Малави улсын охидыг сургууль завсардуулахгүйн тулд тэдэнд сарын тэмдгийн аяга, буцалгах сав, даавуун уутыг тараажээ. Үүгээр ч зогсохгүй хэрхэн хэрэглэхийг нь зааж өгсөн байна. Ингэснээр эвгүй үнэр гарахгүй, биед тавгүй мэдрэмж төрөхгүй хамгийн сайн арга тул охид ч нэгнээсээ ичиж санаа зовохоо больжээ.
Эх сурвалж: www.bbc.com